Мөнххаан суманд 80 тонн өвс, 90 тонн тэжээлийг татан төвлөрүүлж, малчдад тараажээ

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Зүүн бүсийн шуурхай бүлэг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Улс, аймгийн Онцгой комиссын хамтарсан хурлыг хуралдуулж, сумын удирдлагуудад цаг алдалгүй шуурхай ажиллах үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Аймгуудад хуваарилсан хивэг, тэжээл, улаан буудайг яаралтай татан авч, малчдад шуурхай хүргэхээр зам гаргаж буй трактор дунджаар өдөрт 30 км зам гаргаж байна. Тиймээс Зүүн бүсийн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн зудын эрсдэл өндөр аймгуудад ажиллаж үеэрээ Улсын онцгой комиссоос гаргасан хоёр ЗИЛ-131 машиныг ажиллах хугацааг сунгаж 21 хоног болгов.

 


 

Зам гаргахад шаардлагатай шатахууныг УОК-оос гаргах, сумын давсан орлого, аюулгүйн нөөцийг зудыг даван туулах ажилд зарцуулах үүрэг, чиглэл өглөө. УОК-оос дэмжлэг болгон өгч буй шатахуунаар одоогоор 4 багийн 416 км замыг нээгээд байна. Суманд 80 тонн өвс, 90 тонн тэжээлийг татан төвлөрүүлж тараасан. Өвс тэжээлийн тусламж нэн шаардлагатай, цаашид малын хохирол ихтэй өрхүүдийг малжуулах асуудалд онцгойлон анхаарал хандуулах хүсэлтийг сумын онцгой комисс тавилаа. 1169 малчин өрхтэй Мөнххаан сумын нутаг дэвсгэрийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй төмөр зуд нүүрлэсэн. 2023 онд 410 мянган толгой мал тоолуулснаас 40 гаруй мянган мал Дорнод аймгаар, Матад сум руу оторлож байна.


URL: