Залужныйг халснаар Зеленскийд итгэх итгэл буурчээ
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг саяхан албан тушаалаас нь огцруулж, оронд нь хурандаа генерал Александр Cирськийг томилсон. Тэгвэл Залужныйг огцруулснаар ерөнхийлөгч Владимир Зеленскийд итгэх иргэдийн итгэл буурсан тухай Украины Олон улсын социологийн хүрээлэн мэдээллээ.
Хоёрдугаар сарын 5-10-ны хооронд иргэдийн Зеленскийд итгэх дундаж түвшин 64 хувь, үл итгэх байдал 35 хувьтай байжээ. Тэгвэл хоёрдугаар сарын 9-10-нд армийн командлагч солигдсоны дараа ерөнхийлөгчид итгэх итгэл 60 хувь болж буурсан. ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлэхээс өмнө хүн амын 37 хувь нь Зеленскийд итгэдэг байжээ. Түрэмгийллийн дараа энэ тоо 90 болтлоо өссөн. Гэвч 2022 оны арванхоёрдугаар сард 77 хувь болж, үүнээс цааш аажим аажмаар буурсаар байжээ.
Украинчуудын улс төр, олон нийтийн зүтгэлтнүүдэд итгэх итгэлийг хувиар үзүүлбэл:
Валерий Залужный – 94 хувь;
Кирило Буданов – 66 хувь;
Владимир Зеленский – 64 хувь;
Серхи Притула – 61 хувь;
Александр Сирський – 40 хувь байна.
Эндээс харвал огцорсон командлагчид хамгийн их итгэж, шинэ командлагчид ердөө 40 хувьтай итгэж байна.
Дээрх судалгааг хоёрдугаар сарын 5-10-ны хооронд явуулжээ. Судалгаанд эзлэгдсэн бүс нутгийн оршин суугчид болон гадаадад байгаа украинууд хамрагдаагүй. Харин Украины бусад бүс нутагт амьдардаг иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, утсаар ярилцлага хийсэн байна.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
URL: