Бартаа ихтэй баасан гарагийн сонгууль
УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилах тогтоолыг баталж санал хураалт явуулах өдрийг товлосноор 2024 оны сонгуулийн бүх дүрэм тодорхой боллоо. Сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь сонгуулийн тогтолцооны өөрчлөлттэй дүйцэхүйц томоохон өөрчлөлт болов. Мөнгөний, жалга довны улс төрөөс холдож улс орноо нэгдсэн бодлогоор хөгжүүлж томоохон төсөл хөтөлбөрийг урагшлуулах зорилгоор сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор зохион байгуулахаар болсон юм.
1-р тойрог 9 мандаттай (Архангай, Баянхонгор, Өвөрхангай)
2-р тойрог 10 мандаттай (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)
3-р тойрог 3 мандаттай (Баян-Өлгий)
4-р тойрог 8 мандаттай (Булган, Орхон, Хөвсгөл)
5-р тойрог 10 мандаттай (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв)
6-р тойрог 7 мандаттай (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)
7-р тойрог 7 мандаттай (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)
8-р тойрог 5 мандаттай (Баянзүрх)
9-р тойрог 3 мандаттай (Баянгол)
10-р тойрог 6 мандаттай (Сүхбаатар, Чингэлтэй)
11-р тойрог 5 мандаттай (Сонгинохайрхан)
12-р тойрог 5 мандаттай (Хан-Уул)
13-р тойрог 6 мандаттай (Багануур, Багахангай, Налайх)
Нэр дэвшигчид 17 хоногт гурван аймгийг тойрно
Ийнхүү УИХ-ын сонгуулийн тойргийг урьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй хувилбараар байгуулсан нь ганцхан аймаг, дүүргээ усалж байсан улстөрчид, амьдарч буй аймаг, дүүргийнхээ л төлөөллийг сонгодог байсан сонгогчдын хувьд гэнэтийн бөгөөд сонирхолтой шийдвэр боллоо. Нэр дэвшигчид тоосоо өргөхөөр төлөвлөж байсан аймаг, дүүргээсээ гадна нэгээс хоёр аймаг, дүүрэгт ажиллаж өөрийгөө танилцуулах шаардлагатай болов. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26-ныг дуустал буюу 17 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд гурван аймгаар явж сонгогчидтой уулзана гэдэг амаргүй. Нэр дэвшигчдийн санааг хамгийн ихээр зовоох бас нэг асуудал бол сонгогчдын ирц. Унаган нутаг, усалсан тойргийнх нь сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байж тухайн нэр дэвшигч сонгогдох магадлалтай. Гурван аймгийг нийлүүлэн нэг тойрог болгосон ч монгол хүний цусанд хадгалагдсаар л байгаа жалга довны үзэл энэ сонгуульд нөлөөлнө. Тухайлбал, Увс аймгийн сонгогчид Говь-Алтай, Завхан, Ховдын улстөрчдийг сонгох нь юу л бол. Сонгогдсон улстөрч нь ч нэн тэргүүнд нутгаа л гэнэ. “Бүсгүй тосгоноос явсан ч тосгон түүнээс явсангүй” гэдэг шиг тойрог нь томссон ч төрсөн нутаг нь нэг хэсэгтээ л тухайн улстөрчийн бодлоос салахгүй. Нэлээд хэдэн ийм сонгуулийн дараа л нутгаа бус, бүсээ гэх хандлага бий болно. Сонгогчид ч сонгуульдаа идэвхтэй оролцож бусад аймгийн сонгогчидтой өрсөлдөн аймаг орон нутгаа УИХ-д төлөөлөлтэй байлгахыг хүснэ. Нэр дэвшигчид ч үүнийг аминчлан гуйна.
Нөгөөтэйгүүр сонгогчид төрийн эрхийг барьдаг ганцхан өдрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Дараа нь цөөнх нь олонхоо хүндэтгэдэг ардчиллын зарчмаар сонгогдсон УИХ-ын гишүүдээ харааж суухын оронд өөрөө оролцох нь чухал. Бас сонгуулийг зохион байгуулж буй зардал нь таны татварт төлсөн мөнгө гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв сонгуулийн ирц бүрдэхгүй бол энэ мөнгө үр дүнгүй зарцуулагдаж дахин зарлага гаргах шаардлагатай болно. Сонгуулийн зардал хэрхэн нэмэгдэж ирснийг танилцуулъя.
Сонгууль зохион байгуулсан төсөв:
1992 он: 21 сая ₮
1996 он: 270 сая ₮
2000 он: 460 сая ₮
2004 он: 696.6 сая ₮
2008 он: 7.2 тэрбум ₮
2012 он: 16.8 тэрбум ₮
2016 он: 16.5 тэрбум ₮
2020 он: 20.5 тэрбум ₮
2024 он: 32 тэрбум ₮
Сонгуулийн зардал ийнхүү өсөж байгаа ч сонгогчдын ирц буурсаар ирсэн. Харин өнгөрсөн хоёр сонгуулиар сонгогчдын ирц бага зэрэг нэмэгдсэн юм.
Сонгуулийн ирц:
1992 он: 95.6%
1996 он: 92.1%
2000 он: 82.4%
2004 он: 82.2%
2008 он: 76.5%
2012 он: 67.3%
2016 он: 73.6%
2020 он: 73.8%
2024 он: ?
Саналаа өгөх үү, салхинд гарах уу
Энэ жилийн хувьд ирц буурах бодит эрсдэл бий. Энэ бол УИХ-ын сонгуулийг анх удаа баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн явдал. Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 26-ны лхагва гарагт зохион байгуулах санал гаргасан ч УИХ гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажилтай холбоотойгоор баасан гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
“Сүүлийн сонгуулиудыг лхагва гарагт зохион байгуулсаар ирсэн. Энэ бол ирцийг өндөр байлгах гэсэн зорилготой. Харин энэ удаад баасан гарагт зохион байгуулах гэж байна. Ингэхээр хүмүүс пүрэв гарагийн орой ажлаа тараад “Гурван өдөр амрах юм байна. Хөдөө аав, ээж дээрээ очоод ирье, эсвэл амралт зугаалганд явъя” гээд яваад өгнө. Ингэснээр сонгуулийн ирц буурна. Залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцуулах нь Монголын ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгоно.”
Манай улс өмнөх найман удаагийн сонгуулийнхаа товыг эхэндээ бүтэн сайнд тааруулдаг байжээ. Харин 2012 оноос хойш ажлын өдөр зохион байгуулж бүх нийтээрээ амардаг болсон юм.
УИХ-ын сонгууль зохион байгуулсан өдрүүд:
1992.06.28 (Ням гараг)
1996.06.30 (Ням гараг)
2000.07.02 (Ням гараг)
2004.06.27 (Ням гараг)
2008.06.29 (Ням гараг)
2012.06.28 (Пүрэв гараг)
2016.06.29 (Лхагва гараг)
2020.06.24 (Лхагва гараг)
2024.06.28 (Баасан гараг)
Сонгуулийн албан ёсны дүн хэзээ гарах вэ?
УИХ-ын сонгуулийн маргааш ажлын өдөр байхын нэг давуу тал нь элдэв янзын маргаан, үймээн самуун гарлаа гэхэд цаг тухайд нь шийдвэрлэх юм. Харин энэ удаад сонгуулийн дараагийн хоёр өдөр нь амралтын өдөр. Санал хураалт явуулах, санал тоолох автомат төхөөрөмж ашиглаж эхэлснээс хойш сонгуулийн дүн өдөртөө гардаг болсон. Харин энэ удаад автомат машинаар тоолохоос гадна давхар 100 хувь гараар тоолохоор хуульчилсан. Тэгэхээр сонгуулийн дүн албан ёсоор гарч нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд багагүй хугацаа орох нь. Магадгүй долоодугаар сарын 1-ний даваа гарагт гарахыг үгүйсгэхгүй. Ийм бодит шалтгаан ч байгааг Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн юм.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ
“Бүх саналын хуудсыг гараар тоолохоор хуульчилснаас гадна сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор зохион байгуулж байгаа нь саналыг 100 хувь гараар тоолох процессыг удаашруулна. Учир нь, нэг саналын хуудсанд олон хүний нэр бичигдэх учраас гараар тоолоход түвэгтэй.”
Сонгогч саналаа өгөхдөө тойргийнхоо мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнө тэмдэглэгээ хийж сонгохоос гадна нэг улс төрийн намд давхар саналаа өгөх ёстой. Хэрэв мандатын тоотой тэнцүү хэмжээний сонголт хийхгүй бол санал хураах төхөөрөмж хүлээж авахгүй саналыг хуудсыг тэр дор нь буцааж гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойргийн сонгогч ес, эсвэл 11 хүний төлөө саналаа өгч болохгүй. Харин хэний ч төлөө саналаа өгөхгүй цагаан сонголт хийх боломжтой ажээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
URL: