Эдийн засагт ногоон гэрэл ассан ч урд хөршөөс хамааралтай байдал улам гүнзгийрсээр байна
Монгол Улс 2023 онд 15.18 тэрбум ам.долларын экспорт хийж, гадаад худалдааны тэнцэл 5.93 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гадаад худалдааны гүйцэтгэл түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрснээр инфляц 7.9 хувьд хүрч, гадаад валютын нөөц 4.92 тэрбум ам.доллар давж, эдийн засагт ногоон гэрэл ассан.
Хэрэв энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2023 оны хэмжээнд өндөр байж чадвал манай улс эдийн засгийн өсөлтөө хэвээр хадгалж, ДНБ 7 хувиар өсөх өөдрөг хүлээлт бий. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу ирэх жилүүдэд тээвэр логистикийн хүндрэлээ шийдэх замаар Монгол Улс эдийн засгаа сууриар нь тэлэх амбиц зарласан.
Гэвч гадаад худалдааг задалж харвал манай улс эдийн засгийн хувьд урд хөршөөсөө хэт хамааралтай байдал улам гүнзгийрсээр байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын 2023 нийт 81 улс руу 15.18 тэрбум ам.долларын экспорт хийснээс 91.18 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа дангаараа эзэлж байна.
Урд хөрш рүү гаргасан экспортын 58.2 хувийг нүүрсний экспорт бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг гадаад талд нэг улс, нэг бүтээгдэхүүний орлого, дотоод талд нэг төслийн олборлолт, тээвэрлэлтээс хэт хамааралтай эмзэг байдалд оршсоор байна.
Нүүрсний үнэ унахад эдийн засаг сууриараа доголддог, урд хөршийн шийдвэрээс хамаарч улсаараа хүнд байдалд орох эрсдэлтэйгээс гадна эдийн засгийн хувьд нэг хөршөөсөө хамааралтай энэхүү байдал нь ардаа манай улс төр, гадаад бодлогын шийдвэр гаргалтад Бээжингийн оролцоо хүчтэй байх эрсдэлийг дагуулж буй. Тиймээс Монгол Улс ойрын ирээдүйд ОХУ болон гуравдагч хөршүүдтэйгээ хийх худалдааны тэнцвэрийг хангахын зэрэгцээ газрын ховор элемент, уран, ноос ноолуур, мал аж ахуйн гаралтай эцийн бүтээгдэхүүн, технологи зэрэг гуравдагч орнууд руу гаргах экспортын шинэ бүтээгдэхүүнийг бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байна.
https://itoim.mn/a/2024/02/05/economy/zun
URL: