Токиод их цас орсны улмаас олон хүн хальтирч унан бэртжээ

170720533465c1da1ded195ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 6 /Kyodo/. Японы зүүн нутгаар их хэмжээний цас орсны улмаас хүмүүс хальтирч унан бэртэх тохиолдол олширч, Токио хотод мягмар гаргийн өглөөний байдлаар 109 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Токиогийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ.

Өглөөний 10:00 цагийн байдлаар эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд 4-92 насныхан байсан ба амь насанд аюул учруулахуйц бэртэл авсан тохиолдол гараагүй байна. Мөн зэргэлдээх Канагава мужид таван хүн хүнд, 34 хүн хөнгөн, Сайтама мужид 12 хүн хөнгөн бэртсэн байна.

Японы Цаг уурын агентлаг есөн мужид их хэмжээний цас орохыг сэрэмжлүүлсэн анхааруулгаа цуцалсан боловч өглөө хүртэл зарим нутгаар цас бороо үргэлжлэн оржээ. Их хэмжээний цас орсны улмаас East Japan Railway компанийн Чүо, Оме чиглэлийн зарим хөдөлгөөнийг, Иокохама чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсооход хүрсэн байна.

Мөн Токайдо Шинкансен шугамын суман галт тэрэгнүүд Токиогийн Шинагава өртөө болон Канагава мужийн Одавара өртөөний хооронд хурдаа сааруулан үйлчилгээ үзүүлжээ. Үүний зэрэгцээ “All Nippon Airways”, “Japan Airlines” компаниуд Токиогийн Ханэда нисэх онгоцны буудлаас хөөрч буух 30 орчим дотоодын нислэгийг цуцалжээ.

Даваа гаргийн оройны байдлаар, Гүнма мужийн Маэбаши хотод хамгийн их /11 см/ цас орсон бол Токиогийн төв болон Сайтама хотод тус бүр 8 см цас орсон байна.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: