“МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хилийн хориг тавьжээ
“МИАТ” ТӨХК-ийг тойрсон хууль бус тендер олны хэл ам дагуулж байгаа. Тэгвэл уг асуудлын мөрөөр АТГ шалгалтын ажил явуулж нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, албан тушаалыг нь түдгэлзүүлжээ.
Түүнчлэн Монгол Улсын хилийн хориг тавьж шалгалтын ажил явж байна. Хэргийг тодруулбал Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа МИАТ ТӨХК-ийн бизнес удирдлагын газрын захирал Н.Батдарийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилийн хориг, мөн санхүү удирдлагын газрын дарга Н.Цэгц, Захиргаа удирдлагын газрын захирал Э.Мөнхмарал, бүхээгийн үйлчилгээний албаны дарга дарга Ж.Амар-Эрдэнэ, үйлчилгээний чанар стандартын хэлтсийн дарга Б.Цэгмэд нарыг албан тушаал түдгэлзүүлж, хилийн хориг тавих саналыг Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Шүүх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, дээрх нэр бүхий тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн албан тушаалыг нь түдгэлзүүлж, хилийн хориг тавих прокурорын санал үндэслэлтэй гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Үнэлгээний хорооны гишүүд нь эрүүгийн хэргээр шалгагдаж бүр хилийн хориг хүртэл тавиулчихаад байхад гишүүдийн санал, шийдвэрийг өөрийн гарын үсэг, тамгаар баталгаажуулсан “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэргээс мултарсан уу гэх хардлага байна.
URL: