МАН АН-ЫН ХАМГИЙН ЭМЗЭГ ЦЭГ НЬ Н.НОМТОЙБАЯР БОЛЧИХЛОО

aff4b46c05226755d056b1eff7d44e35Ирэх сонгуулийн ерөнхий зураглалыг Их хуралд суудалтай намууд болох МАН, АН, ХҮН хоорондоо тохиролцоод гаргачихсан. Одоогийн эрх баригчид улс төрийн намуудыг “өвөртөө” оруулж, ирэх сонгуулиар дахин үнэмлэхүй олонх болох тохироогоо хийчихсэн гэсэн үг.


       Хэрэв зээ Ардын намтай тохироонд хүрээгүй байсан бол Ардчилсан нам өнөөдрийг хүртэл эв зүйгээ олж чадахгүй байсан. Ардчилсан намыг эцсээ хүртэл хагаралдуулах нь Ардын намд ашигтай. Гэхдээ ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Ардчилсан намтай далдуур гар барилцан, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ажилд нь дэмжлэг үзүүлэн, бүртгэлийг баталгаажуулсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн төдийгүй ард түмэн ч гадарлахтайгаа болсон.

     Харин ХҮН-ынхан УИХ-д суух суудлын тоогоо нэмэхийн тулд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын даалгаврыг дуулгавартай гүйцэтгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэд байр сууриа баттгахын тулд эрх баригчдын бөөрөнд наалдаж, өнөөдрийг хүртэл улс төрд тогтож байгаа гэх нь бий. МАН-ынхан ч ХҮН-ыг залууст ээлтэй нам хэмээн дэмжиж, улс төрийн нүүдлээ хийсэн биз.

   Тиймээс ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх дээр гурван нам нэгдэж, ирэх сонгуулийн хар зургийг гаргачихаад албан тушаалын хуваарилалтаа хийж суугаа.

    Гэвч Ардчилсан нам, Ардын намынханд тооцоолоогүй улс төрийн хүчин ирэх сонгуулиар гарч ирэх нь бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэх гээд МАН АН-ынхныг сандаргаж эхэлсэн сурагтай. Нэг үгээр бол Н.Номтойбаяр улс төрийн шинэ хүчин байгуулж сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базаачихсан гэх. Түүнийг Монголын ногоон намыг худалдаж авсан гэх яриа ч гарч байлаа. Хэдийгээр өөрөө энэ талаар үгүйсгэсэн мэдээлэл хийж байсан ч тохироонд хүрчихсэн гэдэг яриа олны дунд өрнөөд эхэлжээ.

   Тэр байтугай Н.Номтойбаярын намд МАН-ын гомдогсод нэгдэх хүсэлт ээлж дараалан тавьж эхэлсэн нь МАН, АН-ынхныг сандаргаж эхэлсэн байна.  Өнгөрсөн сонгуулийн өмнө  дуулиан, шуугиантайгаар аавын хаалга татсан Н.Номтойбаяр гарч ирмэгцээ “Та бүгд сайн байна уу. “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэн баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн мэдэгдэж, улс төрд дахин орж ирэхээ зарласан. Хэдийгээр хэцүү нэртээс гарч ирснээсээ хойш улс төрийн дуулиан шуугианаас хол, спорт сонирхсон шиг ээ явж байгаа тэрбээр сонгуулийн үеэр шинэ дуулианы эзэн болох бэлтгэлдээ ороод байгаа гэнэ. Тэрбээр одоогийн төр баригчдыг “хорхойтой араандаа зуучихсан” байгаа нь лавтай.

       МАН-ын 80-аад оныхон дундаас улс төрд хамгийн түрүүнд байр сууриа олж, эрх мэдэлд хүрсэн ч үеийнхэндээ нэг сайн тонгоруулсан. Одоо харин улс төрд хэнээс айхгүй, зоригтой орж ирэх улстөрч болж бойжуулсан ч байж мэдэх. Тиймээс одоогийн эрх баригчдад гомдогсод Н.Номтойбаярын нам руу хошуурцгааж, сураг алдраад байсан МАН-ын хууччуул хөдөлж эхэлжээ. Харин баруун, зүүний үзлээрээ үзэл санаа таарахгүй гэж байсан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч сонгуульд гарах магадлалаа тооцоолж, Н.Номтойбаяртай гар барилцсан бололтой. Хэдийгээр Н.Номтойбаяр улс төрөөс хол байгаа хэдий ч сонгогчдын дунд чамгүй хүлээлттэй байгаа. 2020 оны ээлжит сонгуулиар бие даан нэр дэвших эрхээ баталгаажуулж Хан-Уул дүүргээс 31 мянган гаруй хүний санал цулуулсан тэрбээр улс төрд хүч үзвэл хаана ч сонгогдох магадлалтай. Тиймдээ ч цаг нь болж, тохироо нь бүрдсэн цагт улс төрд орж ирэх гээд хүлээж байгаа аж.

      Цаашлаад Н.Номтойбаярыг нам байгуулах сургаар М.Энхболдын бүлэглэл сэрж, хүчээ авах бэлтгэл ажлаа базаачихсан байгаа гэх яриа ч Саарал ордныхны чихийг дэлсгэх болжээ. Угтаа бол Н.Номтойбаярыг М.Энхболдын бүлэглэл хэмээн анх улс төрөөс шахаж эхэлсэн гэдэг. Улс төрөөс завсарлага аваад байсан М.Энхболдын бүлэглэлийнхэн өнгөрсөн сонгуулиар буланд хавчуулагдаж байсан бол ирэх сонгуульд АН-ын оронд сөрөг хүчин болж гарч ирэх гээд сандаргаж байгаа нь энэ аж. Хэдий Монголын ногоон нам сонгуульд өрсөлдөж, хоёрдогч хүчин болдоггүй юмаа гэхэд ХҮН-ын орон зайд орж ирэх гээд МАН, АН-ын одоогийн удирдлагуудыг барьц алдуулж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, ХҮН-аас илүү санал авах магадлалтай байгаагийн дээр Н.Номтойбаярын баг МАН, АН-ын сонгуулийн саналыг хуваах магадлал өндөр байна.

    Түүнчлэн Ерөнхий сайд асан М.Энхсайханы Монголын Үндэсний Ардчилсан  саяхан ээлжит бусаар хуралдаж, бусад намуутай нэгдэн эвсэл болгон орох талаар ярилцсан гэнэ. Энэ үеэр Н.Номтойбаярын тэргүүлэх Монголын ногоон намтай нэгдэх талаар яригдсан гэх яриа ч шуугиан дэгдээх болов. УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд унтаа улс төр амь орох нь.

Сонгуулийн санал хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй цаг үе эхэлж байна.

https://ergelt.mn/news/43/single/41368


URL: