ТӨР ЭЗЭНГҮЙ БАЙНА
Дүн өвлийн хүйтэнд халуун галаас амьд гарах гэж хөр цасан дээр хөл нүцгэн гүйхдээ, зун нь усан бороонд үйх шахан, аврал эрэн тэмцэхдээ, нүүр нүдгүй цасан шуурганд хөөгдөн, амь гарах гэж ядарсан иргэд тэмтчин тэмцэж, байхад төр эзэнгүй байлаа.
Төрд эзэн байсан бол гэх харууслаар хайран амиа үдэж байна монголчууд. Угтаа бол Үндсэн хуулиндаа хар дээр цагаанаар биччихсэн “Амьд явах, аюулгүй орчинд амьдрах” эрх өдрөөс өдөрт зөрчигдсөөр байгаа нь хэдхэн хоногийн харамсалтай үйл явлаас бэлэхнээ харагдана.
Өчигдөрхөн “Аавдаа очиж золгоно доо” гээд утсаар ярьж байсан цэл залуухан хүү, энгэртээ бяцхан үрээ тэвэрсэн эхнэрээ үнсээд гарсан халамжит хань, хайртай аав, болзоондоо яаран хос тасалбар халаасандаа хадгалчихсан байсан залуухан хархүү тэд өргөсөн тангарагтаа үнэн ч зүтгэсээр хорвоогоос хальчихлаа. Халуун галаас амь тэмцэн гарч, эмнэлгийн орон дээр үхэл амьдралтай тэмцэлдэж, хөхөө өвлийн хүйтэнд орох оронгүй болсон иргэд өмссөн хувцаснаасаа өөр эд зүйлгүй, хүүхдүүдээ тэврээд хоног төөрүүлж байна. Хэрвээ хотод стандарт, дүрэм журам, хууль дүрэм мөрдөгддөг байсан бол ийм ноцтой осол гарах ч билүү.
Өнгөрсөн хугацаанд нийслэлд газрын наймаа гаарч, барилгын дүрэм журам мөрдөгдөхөө больсон, төрд суусан цөөн хэдхэн хүний ашиг хонжооноос болж аюул осол гарахад нийтээрээ хохирдог байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл үүнд хариуцлага хүлээдэг хүн, хариуцлага хүлээлгэх төр гэж алга. Цаашлаад гэнэтийн аюул осолд төр ямар ч бэлтгэлгүй байгаа нь ч удаа дараагийн ослоос харагдаж байна.
Хэрэв хууль дүрмийн дагуу газар олгож, дүрэм журмыг мөрддөг байсан бол үерийн усанд хотоороо үйхгүй байх байлаа. Ачааны машинд чөлөөтэй зорчих зориулалтын зам байсан бол, аюултай ачаа тээврийг стандартын дагуу тээвэрлэх техник хэрэгсэлтэй бол, ааглаад галын аюулын гарц орцыг нээчихсэн орон сууцны хорооллууд байсан бол эсвэл гал унтраах орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдчихсон бол гурван сайхан залуу амиа алдахгүй байсан ч юм билүү.
Хэдий байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн осол гэмтэл тулгарсан ч хариуцлагатай, дүрэм журмаа ягштал биелүүлдэг бол алтан амь эрсдээ ч билүү гэх гомдол гол зурна.
Гэнэтийн осол аюул дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа ч аюулын өмнө сөрж зогсох эзэнтэй, төртэй байна дэлхий нийт. Тухайлбал, саяхан болсон Японы нисэх онгоцны буудалд 350 зорчигтой онгоц осолдоход нэг ч хүний амь насанд аюул учруулалгүй авран хамгаалсан жишээ дэлхий нийтийг гайхшруулж байлаа.
Гэтэл манайд галын орц, гарцыг хаагаад дураараа байшин барьчихдаг байшингаа хувийн эрх ашгийн төлөө өргөтгөж, сунгаад өөрчилчихдөг түүнийх нь гороор иргэдийн авран хамгаалах боломжгүй болдог байдал удаа дараа давтагдаж байна. Гарын наймаа цэцэглүүлж, хууль бус газар олголт гаарсны гороор нийслэл дааяар усанд үйдэг, ган зудтай үед иргэдийг аврах техник хэрэгсэл ч хангалттай байдаггүй гэх шалтгаанаар олон хүн амиа алдсан. Төр буух эзэнгүй буцах хаяггүйн гороор эсрдлийг давж гарч чадахгүй гэнэтийн ослын өмнө ард түмэн бөхийж байна гээд хэлчихэд санал зөрөх хүн байхгүй биз ээ.
Гэтэл төрийн томчууд ард түмнээ доромжилж байгаа аятай сонгуульдаа бэлдэж, хэдэн төгрөг тарааж, нүд хуурах ажил өрнүүлдэг нь ч нууц биш. Ард түмэнд бэлэн тараасан мөнгөөрөө адаглаад онцгой байдлын алба хаагчдаа техник хэрэгслээр бүрэн хангаж, аюулгүй байдлыг нь бүрдүүлчихсэн бол өдийд ийм олон алба хаагч цэл залуугаараа хорвоогоос одоо ч уу, үгүй ч үү.
Хөхөө өвлийн хүйтэнд хүний амийг аврана гэх өргөсөн тангарагтаа үнэн ч байхаар нар салхинд онгож, гандсан хуучин хувцастай хүрз зээтүү бариад нүцгэн гараараа тэмцэж гал усан дундуур туучиж яваа байгаа алба хаагчдын өмнө төр үнэн төрхөө харуулж ханасангүй. Бодит байдал дээрээ төрийн томчууд хурган дотортой дээлээр гангалчихаад, хөдөөгүүр том жийпээр холхилдож, сонгуулийг сурталтаж, өөрсдийгөө урамшуулж яваа нь өнөөдрийн бодит үнэн болоод байна.
Гуравхан сая хүн амтай Монгол Улсын тэн хагас нь оршин суугаа Улаанбаатар хотод өдөр бүр хүний эрх зөрчигдөж, цаг зуураар амиа алдах иргэдийн тоо өссөөр байна. Өвөлдөө утаанд “угаартаж”, зундаа усанд үйж байхад төр үүргээ гүйцэтгэсэнгүй.
Эргээд харахад төрд эзэн алга. Эзэнгүй төрийн эмгэнэлийг иргэд нь амиараа төлдөгийг ч бид үзлээ, дэндүү харамсалтай байна.
Эмнэлгийн ороор өвчинтэйгөө тэмцэж байгаа иргэдийн өмнө төр хэрээс хэтэрсэн хулгай луйвраа ярьж, иргэдийг тохуурхаж байгаа нь дэндүү харамсалтай. Өнөөдрийг хүртэл төрд төлөөлөл болгож илгээсэн түшээд нар Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийг хуйгаар нь хамсан, нийтийн тээврээсээ мөнгө завчиж, хуучин автобус оруулж ирсэн, эдийн засгийг эргэлтэд оруулах экспортын бүтээгдэхүүн нүүрсээ хулгайгаар зарж хагартлаа баяжсан түүхээ ярьж, хоорондоо хэрэлдснээс биш ард түмний амьдралд дэм болох шийдвэр гаргасан уу гээд үзвэл тун ховорхон байна.
Эргээд харахад төрд эзэн алга. Эзэнгүй төрийн эмгэнэлийг иргэд нь амиараа төлдөгийг ч бид үзлээ, дэндүү харамсалтай байна.
https://ergelt.mn/news/35/single/41328
URL: