Г.Ариунбуян: 40 м-ын зайд шидэгдсэн ёмкостьд өртөж, гурван албан хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа

333Өнгөрсөн шөнө гарсан ослын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дөнгөж сай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,  Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын машин, суудлын машинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдсэн тухай дуудлага өнөөдрийн 01.06 цагт хүлээж авсан. Тус дуудлагаар онцгой байдлын байгууллагын нийслэл дэх 13 анги, үндэсний аврах бригадын 200 гаруй албан хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр галын голомтыг зогсоох, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Уулзварын зүүн урд байрлалтай “Эдү апартмент” хотхон, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхонд галын голомт дэлгэрсэн. Галд өртсөн обеьктуудыг чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж, галын тархалтыг 02.15 цагт бүрэн зогсоож, 04.30 цагт бүрэн унтраасан.

Гал өртсөн “Едү” орон сууцанд байсан 30 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг зочид буудал руу нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан.

Урьдчилсан байдлаар тухайн түймэрт гурван хүн нас барсан. Түлэнхий төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, ЭХЭМҮТ-д 3 хүүхэд хүргэгдэж, эмнэлгийн тусламж авсан.

Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж байсан тойрогт хөдөлгөөн үйлдэхдээ зайг анхаарахгүйгээр давхар хий эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шатлага үүсэж, дэлбэрэлт болсон. Энэ дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын байгууллага Баянзүрх дүүрэг дэх 63 дугаар ангийн гурван албан хаагч 40 м-ын зайд шидэгдсэн ёмкость өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.


URL: