Хотын даргын царааг хотлоороо харлаа, одоо боллоо…

kggggg“Үгүй мөн тэнэг хүн ээ, яаж ч бодсон ийм зүйлийг дүн өвлийн хүйтнээр хийж яаж зүрхлэв ээ…”, “Ёстой тэнэгийн дотор уужуухан гэж энэ дээ…” Маргааш өглөө ажилдаа ирэхэд нь отож зогсож байгаад хүүхдийнхээ хөлдөх дөхсөн, хайруулсан хурууг нь харуулах юм шүү…”

Энэ бол амралтын хоёр өдөр  ажил төрлөө амжуулах гэж автобусны маршрутад төөрч будилсан хүмүүсийн уур, унтуутай ярианы арай гайгүй хэсэг нь.

 Ямар ч улс оронд ингэж  адуу давхилдаж байгаа юм шигээр автобусныхаа маршрутыг сольдоггүй л байхгүй юу. Аажмаар ганц  хоёрыг нэмэх, туршилт маягаар явуулж үзэж олон түмнийхээ санаа бодол дээр тулгуурлаж байж гэмээнэ сая ард иргэдийн төлөө хийсэн сайн үйл ажиллагаа болдог. Гэтэл “Хурган коммунист” хочтой энэ нөхөр нийслэлийнхэнд хэтэрхий зэрлэг хандлаа.

Мэргэжлийн байгууллагуудын үгийг ч үл тоон  тойрон хүрээлэгч, цүнх баригчдынхаа амаар хийсэн ажил нь  өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж өвдөг сөхрөх дөхөж яваа ард иргэдийн амьдралыг самарч орхилоо.

Дэлгүүрээс талх будаа авч үзээгүй  зарим нь “Юун сүртэй юм. Хоёр өдөр л туршлаа. Хоёрхон өдөрт амьдрал нь хямарлаа юу…” гэх биз.

Тэгвэл дундаж, дунджаас дооших давхаргынхны хувьд өчигдөр 4-6 удаа дамжиж , үнэт цагаа үрсэн энэ өдөр амьдралынх нь хамгийн хар өдөр байсан ч байж мэднэ. Үр хүүхэддээ яарсан, өвчтэй зовлонтой нэгэндээ очих гэсэн, сүүлчийн амьсгалаа татахад ойрхон нэгэндээ яарсан нь ч бий. Нэгэн өрхийн  ажил хийдэг 2 гишүүний 8 өдөр ажилдаа очих байсан автобусны мөнгө ч  туршилтын энэ хугацаанд үрэгдсэн тухай харамсан ярьж л байна.

Тиймээс л “Хамгийн хар өдөр…” байсан байж мэднэ гэж буй юм.

Бүр хамгийн хөгийн нь Сүхбаатарын талбайн урд хэсгийг автобусны буудал,  эргэлтийн цэг болгосон  байсан нь түмний дургүйг хүргэсэн.

Уг нь зүүнээсээ баруун тийш явах чиглэлийн дагуу  автобусны буудал байсныг “Гадна дотнынхон ирэхэд эвгүй  харагдаж байна. Үзмэрч, согтуучууд,  шатарчин өвөө, эмээ нар гээд  болох болохгүй нөхөд сууж байх юм. Төв талбайн орчим ийм юм байж болохгүй” гээд бараг л 20 жилийн өмнө буулгачихсан.

Гэтэл өнөөдөр  бүр талбайнхаа урд хэсэгт автобус дрифт хийх нь холгүй эргэж байх жишээтэй. Ёстой ухаанд нь ухна ишиг унасан нөхөд”-ийн хийж буй ажил учраас  2 өдөр эргэдгээрээ туршаад  эргүүлж 70 гаруй чиглэлийн маршрутыг хэвийн горимд нь оруулав.

Товчхондоо бол нийслэлийнхний амьдралыг самарсан энэ хоёр өдөр  хотын даргын тархины цараа хэмжигдсэн тул  одоо огцруулъя гэж олны зүгээс уухайлах шахам байна.

Яагаад гэж үү. Нийслэлд өнөөдөр 1 сая 500 мянган хүн оршин суудаг. Тэгвэл тэдгээр иргэдийн эрхийг бүдүүлгээр, тун харгисаар зөрчсөн тул “ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ШАЛТГААН” гэж үзэж буйгаа ард иргэдийн зүгээс одоо ч ярьсаар, бухимдсаар байна.

Бас тэр “Түгжрэл бууруулах Үндэсний хороо”-ныхон буюу сайд  Б.Дэлгэрсайханыг ч бас хамт татан буулгах хэрэгтэй.

https://erennews.mn/article/63305


URL: