“Анти-чайна” ажиллагаа ба хөмөрсөн тогооныхон
Уг нь нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй л гэдэг. Товчхондоо бүх юм хувьсан өөрчлөгддөг гэсэн утгатай үг. Женко, МАН хоёрын хувьд Монгол муу, монголчууд ядуу байх тусмаа л сайн бололтой, нэг голын усанд хоёр байтугай орж, нэг мэхээ олон арван жил ашиглаж байна. Тэр нь “анти-чайна” ажиллагаа.
Намрын чуулганы хаалттай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргасан шалтгаан нь “Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас..” гэх үг. Эсэргүүцэж байгаа ард түмэн нь Женко.Баттулга юм. Спикер ийм шийдвэр гаргахаас хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногт Женко.Баттулга төрийн ордонд түүнтэй уулзахдаа Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Ингээд ард түмний нэрээр “анти-чайна” ажиллагаа зорилгодоо хүрч, Женко.Баттулга “дээрээс” ирсэн чиглэлээ сайн гүйцэтгэлээ. Ардын намынхан ч үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгч боллоо.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэн баталснаар Монголын газар нутгийг хятадууд эзэлнэ гэх яриа нарийн царигтай төмөр замаар хятад цэрэгт танк орж ирнэ гэсэн айлгах тактиктай адилхан продаганда. Өмнөговийн Цагаан хаданд нийт 84.1 га газрыг хятадуудтай хамтарч эзэмшдэг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хүртэл матрын нулимс унагаж суугаа нь эх орон, газар шороогоо хайрласандаа биш юм. Нэг ёсондоо, Женко цэрэг, танкны үлгэртээ “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийг ашигласан бол өдгөө А.Адъяасүрэн түүний нохойд барьдаг мод болсон байна.
1.
Женко юуг эсэргүүцнэ, түүний эсрэг явбал Монгол зөвдөнө. Женко юу мөрөөдөнө, түүнийг нь нөгөө талыг нь сонговол монголчууд хожно. Монгол ялна гэж уриалах юм бол монголчууд ялагдана гэж ойлгочиход бараг буруудахгүй. Монголчуудын хятадын эсрэг үзэл Женко улс төр хийдэг, мөнгө угаадаг нь нэн ойлгомжтой болсон. Учир нь, 2015 онд буюу одоогоос арваад жилийн өмнө тэр ийм л аргыг ашиглан Тавантолгой төслийг гацааж байлаа. Эцэст нь юу болсон бэ гэхээр эдийн засагт орж ирэх ёстой байсан 80 их наяд төгрөг салхинд хийж, “Эрдэнэс Тавантолгой”-гоос 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсан болох нь тогтоогдов.
2015 онд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулсан М.Энхсайханыг Женко.Баттулга жадлан эсэргүүцэн, үзгээ өвөртлөөд ирсэн хөрөнгө оруулагчдыг гуяыг нь ганзагалуулаад буцааж байсан гашуун түүх монголчуудад бий. М.Энхсайхан дээр ажилласан танил сценари энэ удаад Ч.Хүрэлбаатарыг онилсон.
“Хагаралдуулаад захир” гэдэг технологийг хамгийн сайн хэрэгжүүлдэг хүн бол Монголдоо Женко.Баттулга юм.
Газарзүйн байрлалаараа Монгол Улс албан бус эдийн засгийн “хориг”-той улс. Экспорт нь Баяннуур аймгийн даргаас, импорт нь Эрээн хошууны захирагчаас шалтгаалдаг. Хойд хөрш цоргоо хаагаад, галаа “маначихвал” Монгол модоо барина. Тиймээс гадаадын тэр тусмаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах нь монголчуудын төдийгүй хоёр хөршийн асуудал болдог. Цаг нь таарсан уу, цагийг нь тааруулсан уу 2009 онд Оюутолгойн төслийг хөдөлгөөгүй бол Монголд гуравдагч орны хөрөнгө оруулалт гэх юм бараг байхгүй. Дийлэнхийг нь дээрэмдээд, өмч хөрөнгийг нь булаагаад, орон шоронгоор айлгаад явуулчихсан. Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсоны хөрөнгийг нь луйвардчихсан компанийн эзэн нь УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хадам байх жишээний. Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Дорлигжав, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, УИХ-ын гишүүн КёкүшюзанБатбаяр гээд “дээрэмчдийн” дийлэнх нь улстөрчид, төрийн өндөр албант тушаалтнууд. Ийм нөхцөлд хуулиа өөрчлөөд ч хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Гэхдээ нэг ийм онигоо байдаг. Сугалаанд хожихыг бурханаас үргэлж гуйдаг нөхөрт бурхан нь ядаж ганц удаа худалдаад сугалаа авчихаач дээ гэж хэлсэн гэдэг шиг хөрөнгө оруулагчдыг дуудахын тулд эхлээд хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх нь зөв. Хууль эрх зүйн орчин нь хуулийн шинэчлэлтийг хэлэх нь мэдээж.
2.
Монголын эдийн засагт аль ашигтай төсөл болгоныг Женко “ганцаараа” нурааж, аль их мөнгө хулгайлж ирсэн факт юм.
“Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг асуудлыг 126 гишүүнтэй болсныхоо дараа хэлэлцүүл гэж байгаа юм. 1993 онд тавигдсан гадаадын хөрөнгө оруулалтын 100 мянган долларыг, 2013 оны 100 мянган доллар гэж толгой эргүүлж яриад байгаа. 100 мянган долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай нутагт гэр бүлээрээ оршин тогтнож, газар эзэмших нөхцөл бий болгосон цоорхой хууль болох нь” гэдэг нь Х.Баттулгын хардлага. Харин Ч.Хүрэлбаатарын хэлсэн “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Монгол Улсад их хөрөнгө оруулалт орж ирж Монгол Улс хөгжиж, иргэдийн амьдрал дээшилнэ. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их, дээд сургууль байгуулагдаасай гэж хүсэж байгаа. Гадаадын эмнэлгүүд манай улсад үйл ажиллагаа явуулаасай. Жалгаар нэг хаягдаж байгаа арьс ширний үйлдвэрийг боловсруулдаг, бүтээгдэхүүний үйлдвэр бий болоосой гэж хүсдэг. Ингэж чадвал мянга, мянган залуус өндөр цалин хангамжтай болж, Монгол Улс хөгжих боломжтой” гэх үг ч үнэн.
Тэгж ярих юм бол хятадуудаас айх тусам монголчууд хятадуудынхаа хараат байна гэсэн үг. Хятадаас экспортын, Оросоос импортын хараат байдлаасаа гаръя гэвэл бид мөнгө хэрэгтэй. Мөнгө гэдэг чинь хөрөнгө оруулагч гэсэн үг шүү дээ.
Харамсалтай нь, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүйгээр үлдэж байна. Хаврын чуулганаар МАН “гал атган”, Женко.Баттулгыг галзууруулан байж эл хуулийн төслийг хэлэлцэхгүй нь нэн тодорхой. Ядаж байхад цагаан байранд Женко.Баттулгаас ч дутахгүй “хорлон сүйтгэгч” нар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гээд тоологдоно. Дээр нь Женко.Баттулга ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиар төрд орж ирээд түйрэн тавибал яана. Тэр өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн сууж буй суудал дээр залрахын тулд улсаа тонож, эх орноо худалдаж чадна. Атал Ардын намынхны хувьд “үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгч болов.
https://news.mn/r/2698442/
URL: