Т.Бадамжунайгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ

downloaХүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайгийн хэргийг дахин давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байна. Шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа гэдэг мэдээллийг албаныхан өглөө.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн юм. Тодруулбал, яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тэгвэл прокурорын эсэргүүцлийг нийслэлийн Давж заалдах шатны шүүх хүлээн авсан байна.

Хэргийг тодруулбал, 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж үзжээ. Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан.

Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан,  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм байна. Сануулахад, сайд асан Т.Бадамжунай цагдан хоригдож байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс хүсэлт гаргасныг шүүх өнгөрсөн долдугаар сарын 10-нд хуралдаж, хэлэлцээд суллаж, хилийн хориг тавьсан юм.

Тэрбээр 30 орчим орон сууцтай бөгөөд тэдгээр нь эхнэр, гурван охин, хоёр хүргэнийх нь нэр дээр байдаг талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.

 

https://news.mn/r/2698020/


URL: