“Ногоон автобус”-ны хэрэгт Ж.Сүхбаатар бүдэрч, Д.Сумъяабазар “сугарч” үлджээ

1245(3)“Ногоон автобус”-ны хэргээр Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёрын нэг нь яллагдагчаар татагдаж, нөгөө нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдаж, Хотын дарга асан Д.Сумъяабазар “ард нь сугарч” үлдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд АТГ-аас тэдэнд хоёуланд нь хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазар хэрэгт холбогдолгүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон бол Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан аж.

Гэхдээ эл хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ганцаараа биш 26 хүний хамт яллагдагчаар татагдсан гэдгийг албаныхан баталж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр “Ногоон автобус”-ны хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний нэг нь төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаадын иргэн дөрөв, аж ахуйн нэгж дөрөв байгаа аж. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, “Ногоон автобус”-ны хэргээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг нь дэслэхэд бэлэн болжээ. Тэд 134.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн мөрдөн шалгах явцад автобуснуудыг үйлдвэрийн бус аргаар угсарсан болох нь ч ил болжээ. Хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.

Хэрэв уншигчид санаж байгаа бол анх “НОГООН АВТОБУС”-ны хэрэг сөхөгдөхөд Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар өөрт нь ямар ч хамаагүй, оролцоогүй гэж мэдэгдсэн. Эсрэгээрээ Хот хариуцсан сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар ч адилхан тайлбарыг өгч, хэргийг өөрөөсөө бултуулж байв. Гэсэн ч тэдний аль, аль нь “Ногоон автобус”-ны хэрэгт бүдэрч, улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн байдаг. Тэгвэл өөрсдийгөө ямар ч буруугүй хэмээн хэлж, зугтаж, мэлзэж явсан тэд үнэнд гүйцэгдэж нэг нь яллагдагчаар татагдлаа. Харин “ард нь сугарч” үлдсэн нөхрийг “Ногоон автобус”-ны хэрэг тойрч гарах ёсгүй гэдгийг олон нийт сануулсаар байна.

https://news.zindaa.mn/4s36


URL: