Хөрөнгө оруулалтын тухай хуулийг татах уу?
Улс төрд халуун өдрүүдэд үргэлжилж байна. Учир юу гэвээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр УИХ-д өргөн барьсан нь энэ өдрүүдийн сэдэв боллоо. Уг хуулийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд эсэргүүцэж өчигдөр УИХ-ын даргад шаардлага өгч уулзсан юм.
Х.Баттулга: 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд өнөөдөр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал бий болгосон цоорхой хууль болох нь. Иргэдээрээ хэлэлцүүлээч. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлээч ээ гэдэг асуудлагы Ерөнийлөгч байсан хүний хувьд санаа зовнин АН-ын гишүүд, залуучуудын төлөөлөлтэй хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авч байна. Хүлээж авах ёстой. Гадны хөрөнгө оруулалт гэж юу вэ гэхээр, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирэхэд “Өмнөговьд байдаг Тавантолгойд хөрөнгө оруулна” гээд санамж бичиг зурж байсан. Санамж бичиг зураад “Япончууд хөрөнгө оруулах юм байна” гэсний дараахан асар том довтлогоо болсон. Та бүхэн санаж байгаа бол Баянгол зочид буудал дээр очиж, над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт хийсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Японы хөрөнгө оруулалтаа ингээд зогсоож байсан. Мөн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг байх үед Тавантолгойд олон улсын консерциум орох шийдвэрийг больж, ганцхан шийдвэрээр БНХАУ-ын Шинхуа компанид өгөх болж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгэдэг. Иймээс энэ тал дээр эргэн анхаараач гэх саналтай.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.
Мөн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн газар нутагтаа эзэн байх ёстой. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулалтыг босгогүй болгож, мөнгөгүй гадаад хүн оруулж газраа өгөх далд санаатай хууль батлах гэж байгаад харамсаж байна.
Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдаа тодорхой нөхцөл тавьдаг. АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босго тавьдаг. Босгоо намсгахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн нэг ч хөрөнгө оруулагч байхгүй.
Энэ хуульд сүүлийн 10 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт оруулсан байна. Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү. Монгол хүнд 15 жилээр олгодог газрын эрхийг энэ хуулийн 16.1-д 100 жилээр ашиглуулахаар байгаа.
Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул гэж үздэг. 80 жилийн дараа бид газраасаа хөөгдөх эрсдэлд орох юм биш үү. Израилын мөнгө хүүлэгчид 1900-аад оноос Палестины газрыг худалдаж, түрээсэлж авч эхэлсэн. Одоо газар нутгийн 20 хувь дээр уугуул иргэд дайнд нэрвэгдэж амьдарч байна. Үүнийг бид давтаж байна.
Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Би үгээ хэлэх эрхтэй. Ийм хууль оруулж ирчхээд байхад юундаа эгдүүцээд байгаа юм, ямар ашиг сонирхол байна. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байна. Ч.Хүрэлбаатар сайд аа та Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих.
Ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан хуулийг эргүүлэн татах уу? Өчигдөр АН-ын төлөөллүүд ч бас эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн билээ.
АН-ын дэд дарга П.Галиндэв: 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хууль нь хөрөнгө оруулалтыг татах бус гадаадын иргэдийг Монголд суурьшуулах зорилготой. Тухайн үед наадам байсан учраас иргэд мэдэхгүй өнгөрсөн.
Анх өргөн баригдсан өдөр Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ)-д Ч.Хүрэлбаатарыг өгч байсан. Түүний өргөн барьсан хууль нь үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, Монгол хүн бүрийн эрх ашгийг зөрчсөн хуулийг эргүүлэн татсан юм гэж бодсон. Гэтэл дахин Улсын Их Хурал(УИХ)-аар хэлэлцэгдэхээр орж ирлээ.
Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан гадаадын иргэн, аж ахуйн нэгж 100 мянган ам.доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт хийж хөрөнгө оруулагч болно гэсэн заалтыг авч хаясан байна. 100 төгрөг оруулахад л гадаадын иргэн хөрөнгө оруулагч болж хувирна.
Ингэснээр гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших эрх нээгдэнэ. Мөн гэр бүлээрээ байнга оршин суух эрх үүсэж байна. Дуртай аймаг, суманд очоод хөрөнгө оруулалт хийх эрхийг нээж өгсөн хууль юм. Дээрх зүйл заалтуудаас ажиглахад тус хууль нь хөрөнгө оруулалтынх биш гэдэг нь нотлогдож байгаа.
Энэ хуулийн талаар АН-ын Улс төрийн зөвлөлийг яаралтай хуралдуулах шаардлага тавьсан. Үүний дагуу Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, АН-ын дарга Л.Гантөмөр хуралдааныг удирдсан.
Тус хурлаар Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль хөрөнгө оруулалт татах зорилготой биш байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг АН дэмжихгүй, батлуулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьт хүрсэн.
Түүнчлэн АН өөрийн гэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэхийг Улс төрийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Тиймээс шинэчилсэн хувилбарыг боловсруулж, иргэд олон нийттэй ярилцана.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Ардын Нам(МАН) нэг ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй. Яагаад сонгуулийн өмнө энэ хуулийг батлах гэж чичрээд байгаа юм.
Ер нь Монголын нийгэмд дэх бүх хулгай хуулийн хүрээнд явсан. Сүүлийн 30 жилд гарсан хамгийн том хуулийн хулгай бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл юм.
Мөн Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир: АН бүх цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх талд байсан. 2012 онд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадаж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эдийн засаг дээр нээлттэй либерал бодлого баримтлах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгийг төр засагтайгаа нийлж дээрэмдэх, дагнасан шүүхээр хамгаалах гэсэн хуультай болох ёстой.
Ч.Хүрэлбаатарын хуулиар гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тус хуулийн татварын бус урамшуулал хэсэгт газар гэж заасан. Газраа урамшуулал гэж өгдөг гадаадын улс орныг хэлээд өг, байхгүй. Тогтвортой хөрөнгө оруулалтын тухай хууль, шударга шүүх тогтолцоогоор дэмжих ёстой.
Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын авлигаас зугтаж байна. Шат шатандаа жижиг авлигатай. 1993 оны хуульд газрын 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалттай. 1990 оны эхэн үед Монголын бүх сэхээтнүүд ганзагын наймаанд явж байлаа. Тэр үед Жефри Сакс л Монголын толгойг барьж байсан.
2013 онд Оюутолгой шиг дараагийн төслүүдийг гаргаж ирэх, гадаад монгол хоёр хамт авч үзээд хөрөнгө оруулалтын тухай хууль болгосон. Гадаадын иргэн харьяат болон Газрын тухай хуулиар зохицуулагдаж буй асуудлыг яагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль руу чихээд байгаа юм. Үүнд гол хардлага байгаа.
2015 оны дөрөвдүгээр сарын 5-нд З.Энхболд Тавантолгой ордыг Шинхуа компанид өгөхийг зогсоогоогүй бол Хятадынх болчих байлаа. Ч.Хүрэлбаатарын өргөн барьж буй хууль Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг руу халдаж байна.
URL: