Намайг Хятадын эрлийз гэх мэт олон янзаар гүтгэдэг. Үүний ард Х.Баттулга бий

download (1)Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г. Занданшатарт өөрийн биеэр Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж шаардлагаа гардуулж өгсөн юм. Тэрбээр сэтгүүлчдэд  мэдээлэл өгөх үеэр ”Ч.Хүрэлбаатартай хувь хүний асуудал байхгүй. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л харддаг болсон шүү” гэдгийг ч хэлж байв.  Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Сүүлийн үед намайг Хятадын эрлийз гэх гүтгэлийг мэдээг тараасан. Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Монгол Улсын газрыг 100 жилээр гадны хүмүүст олгох гэж байна гэх мэт олон төрлийн гүтгэлэг явсан. Энэ бүгдийг  зохион байгуулсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ.Tэр хүн гарч ирээд   Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхгүй байхыг УИХ-ын дарга дээр орж ярьжээ.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад би Сангийн сайдтай холбоотой томилгоотой холбоотойгоор нийт 7 удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж одоо найм дахь хоригоо тавьж байх шиг байна.

Тиймээс бохир дайралт, гүтгэлэг, доромжлолыг зохион байгуулсан эзэн нь өнөөдөр өөрөө гарч ирсэн учраас би ийнхүү мэдээлэл хийгээд зогсож байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой хэдэн зүйл хэлье.

Монгол Улсын эдийн засгийн  хөгжлийн хамгийн том хөдөлгүүр нь бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их орж ирэх тусам улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга, мянгаараа ажиллаж байгаа монгол залуучууд эх орондоо ажиллах боломж нь бүрдэнэ. Тиймээс улсын хөгжлийн хөдөлгүүр болсон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Арилжааны банкууд хүү өндөртэй. Гадны банк орж ирвэл өрсөлдөөн явагдаж хүү буудаг. Зээлийн хүүд дарлагдаж байгаа олон монголчуудын нуруу тэнийнэ. Тиймээс банкны салбарт хөрөнгө оруулалт орж ирээсэй гэж хүсэж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургуулиуд, эмнэлгүүд  Монголд байгуулагдаасай.

Би АН-ыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож ирсэн. Өнөөдрийн байгаа байдлаас нь харахад үнэхээр харамсаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтууд төрийнх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явах ёстой. Монгол Улс ардчилсан улс. Хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн санал санаачилгыг бид сонсох ёстой. Юмыг хааж, боовол хөгжихгүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр  Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх ямар ч зүйл заалт байхгүй. Энэ бол гүтгэлэг.

Бодит байдал нь 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар газрыг хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 60 хүртэлх  жилээр ашиглуулна. Үүнийг нь нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж баталсан. 30 жилийн өмнө би МУБИС-ийн багш байсан. Дараа нь 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга нь З.Энхболд, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байхад уг хуульд өөрчлөлт орж хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 60 хүртэлх  жилээр ашиглуулж, эзэмшүүлж болно гэж тусгасан.

Эзэмшүүлж болно гэх нэмж тусгасан. Өнөөдөр мэдээлэл хийсэн Х.Баттулга тухайн үед Засгийн газарт нь ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайдаар.

Эдгээр хүмүүс өөрсдөө хуулийг ингэж өөрчилчихөөд засаж янзлах гэхээр над руу дайрч, харлуулж байна.

Э.БУРАМ

http://time.mn/tW4.html


URL: