Пүүзээр танигдаж, МАН-ын “өмгөөлөгч” болсон Т.Доржханд

Өнгөрсөн сонгуулиар улстөрд МАН, АН-аас гадна шинэ салхи сэвэлзүүлэн нь ХҮН байлаа. Байсныхаа хэрээр парламентад ямар ч байсан нэг суудал авсан. Тэр нь УИХ-ын гишүүн Т.Доржханд.

Тэр дөнгөж УИХ-ын гишүүн болж үнэмлэхээ гардахдаа л Төрийн ордонд пүүзтэй очиж, зарласан цагтаа үнэмлэхээ гардан авч чадаагүй. Тэр нь 2000 долларын үнэтэй пүүзнээс болсон тухай дараа нь мэдэгдэж байв.

Бренд пүүзээр гангардаг гишүүний эхнэр болон хүү нь Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан нь ч ил болж байлаа. Тодруулбал, түүний хүү Д.Эрдэм нь Английн “Кембрижийн Их сургууль”-д Эдийн засагч мэргэжлээр Боловсролын зээлийн сангийн 33,454.31 ам.долларын зээлээр хоёр жил суралцсан байдаг. Харин Т.Доржханд гишүүн Хүү маань мөнгөө цуглуулж байгаад төлчихнө” гэж хариулж байна билээ.

Энгийн иргэд 33 мянган ам.долларыг хэдэн жил цуглуулах бол…

Мань Т.Доржхандын тухайд ХҮН-ын даргын суудлыг Б.Найдалаатайгаа хэд ч солив. Намын хурлаа хийгээд л хоорондоо сольчихсон гэгдсээр дөрвөн жилийг ардаа орхиж байна.

Сүүлийн үед ХҮН-ынхан орон нутагт нэлээд ажиллаж, Т.Доржханд ч “Тойргоо төсвийн мөнгөөр угждаг, бэлэг тараадгаа больё, хөгжье” гэж ярих нь их болсон. Үнэндээ өөрөө Хан-Уул дүүрэгтээ юу ч хийгээгүй болохоор намаа толгойлж орон нутагт нэр дэвшихээр “арьсаа хамгаалж” байгаа нь энэ л дээ.

Т.Доржханд ингэж олон нийтийн анхаарлыг өөртөө татсан. Харин тэр цаг хугацаа өнгөрөх тусам МАН-ын гар, хөл боллоо гэх шүүмжлэлийг дагуулах болсон.

Хамгийн сүүлд тэр Үндсэн хуулийн өөрчлөлт хамгийн чанга, удаан дуугарсан хүн нь байсан. Бүр төв талбай дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэх жагсаал хийсэн.  Гэхдээ тэр нь гавьтай дэмжлэг аваагүй л дээ. Харин цаад санаа нь бол МАН-ыг дэмжиж буй хэлбэр байв.

Энэ мэтчилэн хуулийн төслүүд, нийгэмд үүссэн асуудлуудад Т.Доржханд гишүүн алсуураа МАН-ыг дэмжсээр ирсэн бөгөөд улстөрчид ч ХҮН-ыг МАН-ын гар, хөл гэх нь элбэг болсон билээ.

Erennews.mn


URL: