Б.Ононхангай: Энэ сард 100 орчим уурхайчин гүний уурхайд угаартан, хүчилтөрөгийн аппарат зүүсэн

314488-08012024-1704687011-659904978-ononhangai“Оюу толгой”-н гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг өглөө.

Геологи, уул уурхайн хөгжлийн “Тэмүүлэл холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Б.Ононхангай: Би ОТ-д гурван жил ажилласан. Өнгөрсөн сарын 26-нд 100 орчим уурхайчин гүний уурхайд угаартсан. 65 уурхайчин хөнгөн угаартаж, үлдсэн нь хүчилтөрөгийн аппарат зүүн, эмчилгээ хийлгэсэн. Тэдгээр ажилчид над руу эмнэлгийн өрөөний зургаа явуулсан юм.  Нэлээн олон хүн амьсгалын замын аппарат зүүсэн. Би ажилчдаас мэдээлэл авч, энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Үүний дараа тухайн байгууллага арга буюу хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Гадаад ажилтан өрөөндөө нас барсан, галзуурсан гэх мэт тохиолдлууд бий. Энэ бүхнийг “Оюу толгой” компани нуудаг, мэдээлдэггүй. Ажилчдын олон нийтийн сүлжээнд тавих мэдээллийг ч хатуу хянана гэж анхааруулдаг.

“Оюу толгой” компанид үйлдвэрчний эвлэл байхгүй тул бүх ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллага өнөөг хүртэл байхгүй байна. Ажилчдын эрх ашгийн талаар өргөдөл өгөхөөр бид судалж байна л гэдэг, огт шийддэггүй. Амь эрстсэн, осолд орсон, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл үүссэн гэх мэт олон асуудал уурхайд гарсан. Захирлуудын зардал маш их, Болд захирал яагаад Лондонд амьдардаг юм бэ?

“Оюу толгой” бидний бахархал гэдэг атлаа ажилчдын эрх ашгийг хангахгүй байна. Гүний уурхайн тасралтгүй ажиллагааг хангахын тулд ажилчдаар “Би илүү цагаар ажиллахыг зөвшөөрч байна” гэж гарын үсэг зуруулсан. Дараа нь тэр баримтаа үндэслэн, илүү цагийн хөлс олгохгүй байна. Гүний уурхайд ажилладаг, бүх туслан гүйцэтгэгч ийм байна.

Ил болон гүний уурхайд, баяжуулах үйлдвэрт, айхтар тоостой нөхцөлд ажилладаг ч ажилтнуудад хэвийн бусын нэмэгдлийг өгдөггүй. Ижил ажил эрхэлж буй гадаад, монгол ажилчдад ижил цалин олгодоггүй. Гадаад ажилчин 100 сая төгрөгийн, монгол ажилчин 5-10 сая төгрөгийн цалин авдаг. Гэрээт компанийн ажилтнуудын цалин хоёр саяас давахгүй байна.

Мөн БНТУ-ын “ЭНКА глобал констракшн” компани баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг барьж байна. Энэ компани аль нэг монгол компанитай хамтраагүй, дангаараа ажил гүйцэтгэж байна. Тэд өндөр цалин амласан тул “Оюу толгой”-н бусад туслан гүйцэтгэх компанийн ажилчид “ИНКА”-д орсон. Гэтэл “WORLY”-гоос та нар монгол ажилчдад өндөр цалин өгч болохгүй гэсэн талаар надад Турк компанийн удирдах ажилтан надад хэлсэн юм. Энэ мэт асуудлууд “Оюу толгой”-д байна.

Би аргаа бараад хэвлэлийнхэнд хандлаа. Төр засаг энэ компанид хангалттай сайн хяналт тавихгүй байна. Би сүүлийн 4-5 жилийн турш ОТ хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хэрхэн зөрчсөн талаар мэдээлэл цуглуулсан. Өнөөдөр энд ярьсан бүх мэдээллийн хариуцлагыг би үүрэхэд бэлэн. Та бүхэн надаас эдгээр мэдээллийг авч болно. “Оюу толгой” улс доторх улс боллоо. Ажилчдын нөхцөл байдал улам дордож байна. Туслан гүйцэтгэгч компаниуд дураараа аашлах эрхийг, хууль зөрчих боломжийг өгчихсөн гэв.

Дээрх зурагт нэр заасан компаниудын ажилчид цалингаа нэмүүлэх хүсэлт өгсөн ч хариу өгөөгүй гэдгийг хэвлэлийн хуралд оролцсон хуульч онцоллоо. Үндсэн хуулийн 16-р заалтад ашиг сонирхлоо хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэх эрхийг заажээ. Эвлэлдэн нэгдсэний улмаас тухайн ажилтны цалин хөлс, урамшууллыг ажил олгогч олгохгүй байх нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хэрэг болно. Мөн “Оюу толгой” болон гэрээт компаниуд нь ажилчдад амлалт өгч, та нар эвлэлдэн нэгдэхгүй бол урамшуулал олгоно гэсэн нь хуульд зөрчсөнд тооцогдох аж.

Хуульч н.Цэдэнбалжир: Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан өдөрт 8, долоо хоногт 40 цаг ажиллана. Үүнээс илүү цагаар ажиллавал илүү цагийн хөлс авахаар заасан. Үүнээс дээш цагаар, шөнө, бүх нийтийн амралтын өдөр ажилласан бол тухайн ажилтан илүү цагийн хөлсөө авах эрхтэй. Гэтэл ажилтнуудтай тохиролцох замаар эдгээр нэмэгдлийг олгохгүй байна. Иймд бид ажил олгогчидтой хэлэлцээ хийх хүсэлт өгсөн ч аахар шаахар шалтаг хэлж, хэлэлцээ хийхгүй байна. Зарим туслан гүйцэтгэгч компани ҮЭ-тэй ч бид уулзах гэхээр бидэнтэй уулздаггүй гэв.


URL: