Б.Энхбаяр: Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй

IMG_6112УИХ-аас зохион байгуулж байгаа хоёр дахь шатны “Нүүрсний сонсгол” өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Энэ асуудлаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар нарыг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирээгүй байна.

Тодруулбал, Ажлын хэсгээс “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартай 09:00 цагт холбогдоход сонсголд оролцохоо мэдэгджээ. Гэвч дараа нь утсаа унтраагаад алга болсон талаар ХЗДХ-ийн сайд, Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.

Тэрбээр “НИТХ-ын дарга Д.Батбаясгаланг гэрчээр дуудсан ирээгүй. Уг нь энэ хажууханд бий. БОАЖ-ын сайд М.Ганбаатартай өглөө 09:00 цагт холбогдсон. Оролцохоо мэдэгдсэн. Гэвч одоо утсаа унтраасан, ирээгүй байна. Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлага байхгүй” хэмээн мэдэгдлээ.


URL: