NATO-гийн тэргүүн Украинаас “муу мэдээ” хүлээж авахад бэлтгэлтэй байхыг холбоотнууддаа анхаарууллаа

IMG_5618NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр Германы ARD телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Украинаас “муу мэдээ” ирэхэд бэлтгэлтэй байхыг Өрнөдийн холбоотнууддаа анхааруулжээ.

“Аливаа дайн тодорхой үе шатуудад хуваагддаг. Бид сайн, муу аль ч үед нь Украинд туслах ёстой. Бид бас муу мэдээ хүлээж авахад бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж тэр ярьсан байна.

Столтенбэргийн хэлсэн үг Өрнөдийн холбоотнууд Украинд үзүүлж буй зэр зэвсэг, санхүүгийн тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэх эсэх маргаан ид өрнөж буй үетэй давхцаж байгаа юм.

Мөн саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ 170,000-аар нэмэгдүүлж, 1.3 саяд хүргэх зарлиг гаргаад байгаа.

Украины арми энэ оны зургаадугаар сард Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг сөрөг давшилтаа эхлүүлсэн ч фронтын шугам төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

Зарим нэг ахиц дэвшил гэвэл Украины армийн пуужингийн цохилтууд Хар тэнгист Оросын флотыг ухрааж, Оросын нутаг дэвсгэрийн гүнд хийсэн агаарын довтолгоонууд нь дэд бүтэц, ложистикийн хохирол учруулж байгаа.

“Хэдийгээр фронтын шугамыг хөдөлгөж чадаагүй ч том ялалтуудыг байгуулсаар байна” гэж Столтенбэрг дээрх амжилтуудыг дүгнэжээ.

Тэрбээр ярилцлагадаа Украинд нийлүүлэх зэр зэвсгийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг NATO-гийн гишүүн орнуудад уриалсан байна.

“Бид нягт хамтран ажиллах ёстой ч одоохондоо ингэж чадахгүй байна” гэж хэлсэн Столтенбэрг үйл явдлыг том зургаар нь харж, үндэсний ашиг сонирхлоосоо давж сэтгэхийг холбоотнууддаа уриалжээ.

Путиний ялалт зөвхөн Украины хувьд эмгэнэл болоод зогсохгүй бүх холбоотнуудад аюул занал учруулахыг тэр бас анхааруулсан байна.

“Украиныг улам илүү дэмжих тусам дайн хурдан дуусах болно” гэж Столтенбэрг ярилцлагынхаа үеэр уриалжээ.

Эх сурвалж: Reuters


URL: