Лу.Гантөмөр эрхэм гишүүдтэйгээ нийлж, “экс”-үүд нь эвлэрэх үү?!

IMG_4761АН их сонин нам шүү. Том нам юм л даа. “Могой гурав тасравч…” гэдэг шиг сөрөхгүй байсан сөрөг хүчний байр суурь дээр байгаад л байна. Даанч “дээр” байгаа хэд нь хоорондоо учраа олохгүй, намаа самраад болж өгөхгүй юм. Яахав, гаднаас нь харвал “4:11”-ээс эхлээд урьдын сайн уламжлалаа хэрэгжүүлээд эхэлсэн л байна. Гэвч яг сонгодог эвлэрэл хийж чадахгүй яваад байна. Одоо АН-ын хувьд Нийслэлийн АН-аа даргатай цэрэгтэй болгочихоод, генсекээ томилоод авах нь маш чухал болсон.
Гэтэл Лу.Гантөмөр голд нь нөгөө гурав нь гурван өөр санал, шантааж аль алийг нь тавиад хааш нь ч үгүй болгочихоод удлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга Лу.Гантөмөр, тэгээд АН-д хүчтэй экс Хоёр Ерөнхийлөгчийн тус тусдаа удирддаг бүлэг, бас УИХ-ын гишүүдийн тэргүүлдэг “Нэг Монгол” гэсэн гурван фракц бий.
Лу.Гантөмөрийн хувьд “…Хүчгүй, мэдэлгүй” гэж шүүмжлүүлээд байгаа ч мань эр хэнтэй нь нөхөрлөхөөс АН-ын задрал нэгдэл шалтгаалах болчихоод байгаа юм. Гэхдээ тэр хөдлөөд эхэлжээ. Уржигдар УИХ-ын гишүүдтэй уулзсан байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн ерөнхийд нь удирддаг УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй санал экс хоёр Ерөнхийлөгчийн саналаас арай дээр байсан бололтой юм. Тэд тохироонд хүрсэн байна. “…Түрүүлж сонгох Нийслэлийн АН-ын даргаар Д.Бадарсанг, дараа нь генсек дээр Э.Одбаярыг дэмжье” гэдэг дээр хоёр тал тохирчээ. Энэ мэдээ нөгөөх хоёр “экс”-ийг ихэд бухимдуулсан мэдээлэл байна.
Тэгэхээр эхлээд АН дотор Нийслэлийн намын даргыг сонгох дээр нэлээд асуудал болохоор болж байна. Лу.Гантөмөр болон УИХ-ын гишүүд Д.Бадарсанг, дөрөв дэх Ерөнхийлөгчөөс М.Тулгат, тав дахь Ерөнхийлөгчөөс Т.Батцогтыг “уралдуулахаар” болж байна.
Гэхдээ өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болно. Дараа нь генсезээ сонгоно. Мэдээж, Лу.Гантөмөр даргын өөрийнх нь сойсон С.Эрдэнэболд байна. Гэхдээ уржигдар тохирсноор Э.Одбаяр дээр хүчээ илүү өгөхөөр болсон. Ерөөсөө, Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийг илүүд үзээд дэмжчихээр дөрөв дэх Ерөнхийлөгчийн О.Алтангэрэл, тав дахь Ерөнхийлөгчийн Ч.Өнөрбаяр нарт боломж бага болчихож байгаа юм. За тэгээд л, АН-д дажин эхэлнэ дээ. Ер нь бол ямар ч хувилбараар генсек хийгээд Нийслэлийн АН-ын даргыг сонгосоод ард нь зөрчил тэмцэл заавал гарч ирнэ.
Наад зах нь Т.Батцогт ялагдахад л тав дахь Ерөнхийлөгч хөдөлж эхэлнэ. Тэрбээр одоо ҮБХ дээр “…Лу.Гантөмөрийг огцруулна” гээд гарын үсэг цуглуулж байгаа гэх мэдээлэл бий. Мөн С.Ганбаатар нь Ордонд “…С.Баярцогт дээр шүүх яаж шийдэв ээ” гээд үзэж тарах гэнэ.
Гэхдээ генсекийн сонголт, томилгооноос нэгдэл задралын аль нь вэ гэдэг илүү хамаарна. АН-ын дарга Лу.Гантөмөрийн хувьд гурван фракцын алийг нь ч дэмжээд “нийлбэрийн чанар” ижилхэн юм. Тэгэхээр “…УИХ-ын гишүүдийг хаячихвал, тэд тав дахь Ерөнхийлөгч рүү явчих учраас дайралт нь арай ширүүднэ” гэж мань эр үзсэн бололтой юм. Гээд, ийм сонголт хийчихсэний дараа, генсек Э.Одбаяр болонгуут “экс”-үүд харин  хэн нэг нь хэн нэг рүүгээ түрүүлж утас цохиж таарна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч нар нийлнэ. Харин тэр үед О.Цогтгэрэл нарын УИХ-ын гишүүд Лу.Гантөмөрийн намын дарга дээр нь, гаргаж ирсэн генсек, Нийслэлийн АН-ын дарга нараа учраа олтол нь хамгаалах ёстой болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, АН-аа сонгуультай золгуулах үүрэг УИХ-ын гишүүдэд очно. Гэвч тэд маань тэгж чадах болов уу. “Экс”-үүд ч элдэвтэй шүү дээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: