Украин: Гурван өдөрт ялна гэсэн нь “600” болж уртсав!
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 606 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж, 20 дахь сар руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, ОХУ-ын Төрийн Думын депутат Андрей Гурулев, мөн Tendar гэх нууц нэртэй германы цэргийн экспертийн “dialog.ua/war” сайтад бичсэнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Гуравхан өдөр Киевийг авч, 7 хоногт Украиныг “чөлөөлөөд” амар сайханд нь жаргуулна гэсэн Кремлийн (хэрэг дээрээ В.Путины) цэргийн шахуу төлөвлөгөө 600 өдөр шөнийг өнгөрөөж, одоо зөвхөн ялагдахгүй, бууж өгч шившгээ тарихгүй байх зорилго дээр төвлөрчээ. Энэхүү “600”-г оросын цэргийн нэг сэтгүүлч Авдеевкад болсон тулалдаанаар жишээлэн ингэж бичжээ:–Эхний өдөр, 7 хоногийн дараа юу болсныг харьцуулъя. Бид цаашаа явах боломжгүй болж байна. Эхний өдөр байсан шиг зэвсэг техник хаана байна? Цэргүүд толгойгоо ч өндийлгөж чадахгүй цохилтод өртөж байна. Туслаач ээ!
Оросын цэргийн тусгай ажиллагааны дүр зураг энэ ганц өгүүлбэрт бүгд гараад ирсэн юм биш үү? Өнгөрсөн 7 хоногт Авдеевкаг авах гэсэн тулалдаан нь бас нэгийг нэмж хэлнэ. ОХУ юуны төлөө, юунд найдаж ийм их хүн, ийм их байлдааны техник гарздана вэ гэсэн асуултыг олон улсын цэргийн шинжээчид зэрэг зэрэг тавина. Хохирол 5:1 буюу алагдаж шархадсан орос цэрэг ямагт 5 дахин их. Бүх давшилт нь бүтэлгүй. Хоногтоо 55 танк, 1380 цэргээ ч алдсан байх шиг. Херсоны фронт дээр огцом хувиралт гарлаа. Украины цэрэг Днепр мөрний зүүн эрэгт гарч бэхжиж эхэллээ.
ATACMS украины зэвсэглэлд орж ирснээр зөвхөн 2 аэрдромд хичнээн олон Ka-52 нисдэг тэргээ алдав, агаарын довтолгооноос хамгаалдаг пуужинт зэвсгүүдээ ярайлгаж байгаад украины дронуудад 100% сөнөөлгөв. Аэродромоо хамгаалсангүй, 165 км хүртэл ATACMS нисдэг гэдгийг мэдсээр байж онгоц, нисдэг тэргүүдээ нууцалсангүй, одоо 300 км-т тусдаг нь очиж байна. Тэгээд яах юм?–оросын ТВ-үүдээр боож үхэх нь холгүй хашгачна.
“Украин энэ дайнд ялж байна”–германы цэргийн эксперт Tendar мөнөөх Авдеевкийн дэргэдэх ялалтаар нь тэгж дүгнэжээ. Оросын армийн давшилт дэндүү тэнэг байна, асар их хүчээ алдаж байна, үүнээс үзвэл Москвагийнхан өмнөх тулалдааны алдаанаасаа огтоос суралцаагүй нь илт байна, эрт орой хэзээ боловч Орос ялагдах нь тодорхой боллоо гэжээ.
Оросын армийн командлал маш харанхуйгаар, бүр муйхраар тулалдаанаа удирдаж байна, алдаанаас алдаанд шилжээд байна, оросын давших ажиллагаа Красногоровкад нэг удаа амжилт олсон, гэсэн ч яг дараа нь сул талаа харуулчихлаа. Энэ дайн чинь хөдөлгөөнт дайн. Хөдөлгөөнт дайнд оросын арми бэлэн биш нь 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш шувтан харагдлаа. Хөдөлгөөнт дайны тухай оросууд маш сул ойлголттой байна, оросын танкийн цуваа маш нарийхан зурвасаар цуварч яваад ихээхэн хохирол амссаныг бид тэр үед зөндөө харсан, одоо ч тэр тактик нь хэвээрээ, оросууд дэндүү оптимист төлөвлөгөөтэй давшиж орж ирээд хохирч байгаа нь гамшиг юм–герман мэргэжилтний үгс.
Бахмутад яалаа? Хохирлын хүчний харьцаа 10:1 буюу оросууд 10 дахин их. Энэ чинь хүлээн авшгүй үзүүлэлт. Оросын стратеги амьдрах чадваргүй юм байна. Одоо ч Бахмутад харагдаж байна. Оросын арми хориглолтын байршлаа аажмаар алдаж байна. Оросын хувьд давшилтынх нь хамгийн том алдаа бол маш ашиггүй стратеги сонгодогт байна. Хэрэв тэд Авдеевкаг эзлэн авч чадсан бол тэр 7 хоногийн хамгийн том үйл явдал болох байлаа. Гэтэл хүн хүчээ тэгж их гарздаад үр дүнд нь хүрээгүй нь Угледар, Бахмутаас ч долоон дор орлоо гэсэн үг.
Запорожид, фронтын өмнөд шугам дээр оросууд маш ихээр хохирч, хохирол нь ч өсч, ялангуяа артиллерээ маш ихээр алдаж байгаа нь харагдлаа. Украины хүчин маш зөв арга тактиктайгаар оросын артиллерыг жагсаалаас гаргаж чадаж байна. Орос их бууны галаар шүрших боловч үр дүн багатай, тэгж тэгж сум галт хэрэгслээ дуусдаг, зөрүүлээд Украин нь оросын ложистикийн төвүүдийг нэг нэгээр нь онилж жагсаалаас гаргадаг. Ийм нөхцөлд Орос давших гэж оролдох нь амиа хорлохтой адил. Ердөө л катастроф болно. Давшиж хүн хүчээ барахын оронд үр дүнтэй хориглон хамгаалая гэж санал тавьсан оросын генерал Иван Попов буруутаад ОХУ-ын БХЯ-наас хөөгдсөн.
Сая Авдеевка руу хий дэмий давшсаар тэгээд асар их хохирсноор бол Путин зөвхөн давшилтыг хүсдэг нь харагдлаа. Давшина, давшсаар байх болно, бас өөрт нь үнэнч байна, үгнээс нь зөрөхгүй–Путины зарчим.
Тэр зөвхөн өөртөө үнэнч байгаад нь шагнал өгнө. Авдеевкад ялагдлаа гэдгийг тэр сонсох ч дургүй. Гэтэл Авдеевка нь украинчуудын хувьд маш бага хүчээр найдвартай хориглон хамгаалж буй цайз бэхлэлт байжээ. Харин ч оросуудын ялагдлын ачаар Авдеевка нь украины сөрөг давшилтын салшгүй нэг хэсэг болж байна. Учир нь оросын асар их хүчийг тэнд тогтоон барьж, оросын арми давших тусмаа ихээр хохирч, гэхдээ давшилтаа цуцлахгүй давшсаар, давшсан болгоныг нь украин устгасаар, оросын асар их нөөцийг барна гэсэн үг болж байна. Энэ бол Оросын хувьд стратегийн алдаа, учир нь стратегийн нөхцөл байдлыг огтоос өөрчилж чадахгүй байна.
Орос ингэж их хүн хүчний нөөцөө барж байхаар харин ч нүүрлэн буй өвөл, ирэх жилд нөөцөө хадгалмаарсан. Гэтэл шал дэмий үрээд дууслаа. Алдсан тэр их хүн хүчний нөөц эргэж олдохгүй. Оросын дайн явуулах арга барил тун буруу байна, Украинд дайн хийж чадахгүй байна хэмээн би дүгнэлээ. Энэ бол стратегийн хувьд том алдаа, ирээдүйд Оросын цэргийн хүчин чармайлтад том гай чирэх болно. Энэ юу харуулав гэхлээр дайн явуулах арга барилын хувьд Украин нь үнэмлэхүй өөр, ялгаа маш их байгаа нь харагдлаа. Украины зэвсэгт хүчний сөрөг давшилтын эхний 7 хоногт украинчууд нь Авдеевка руу оросууд давшдаг шиг арга тактик сонгосон. Шуурган давшилтаар Запорожийн фронтод санаачилга авчихна гээд алдсан. Украины хүчин алдаандаа маш түргэн дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргасан. Шуурган давшилтаа зогсоосон, Оросыг сулруулах, бүх талаар сулрууж байж дараа нь аажуухан давших тактик сонгосон. Энэ л Украины хувьд дайнд ялах цэргийн зөв стратеги мөн–экспертийн дүгнэлт.
Оросын цэрэг Украинд бүтэлгүйтэх тусам оросын эрх баригчдаас санаанд багтамгүй ориг шийдэл сонсогдоно. В.Путиныг дэмжихгүй байгаа орос хүн бүрийг тусгаарлах юм уу, эсвэл устгах хэрэгтэй гэж Төрийн Думын депутат генерал Андрей Гурулев “Россия-1” ТВ-ээр хэнэг ч үгүй ярьж харагдав. Оросын хүн амын 20% буюу 29 сая хүн Путины дайныг дэмжихгүй байгаа ажээ. ОХУ нь 146.4 сая хүн амтай, 80% нь Ерөнхийлөгчдөө итгэдэг хэмээн Гурулев хэлэв. Энэ үнэн үү?
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
URL: