Мөнгө мөртэй буюу цахим залилан

IMG_3649Өдийгөөс яг 360 хоногийн өмнө “Дэлгэр мөрөн” компанийн ойн баяр болж байгаа учраас шинэ мотоциклийг орон нутагт хямдралтай хүргэж өгч байна” гэсэн зар аймгуудын нэгдсэн группээр дүүрч, “сум” мэт хурдтай тарж байлаа.

Хүмүүсийн нэгэнтэйгээ хуваалцсан энэ давлагаа тэр бүр хот хүрээ давхиад унаа тэргээ шинэчлэх цаг зав, хүн бүл, санхүүгийн боломж хомс малчдад яг “бай”-гаа оносон  өгөөш болов. Иргэд яах ийхийн зуургүй мотоциклийн урьдчилгаа төлбөр болох 750 мянгаас 2.5 сая хүртэлх мөнгийг шилжүүлж эхэлжээ. Ингэхдээ ах дүү, хамаатан садан айл саахалтаараа хүртэл нэгдэж нийлж. Бүр нэгнээсээ зээлж, хугацаа давчуу байгаагүй бол банк руу гүйх нь холгүй байсныг хавтаст хэрэгт авагдсан хохирогчдын мэдүүлгээс харж болно. Нэг ширхэг нь л хэдэн хуруу зузаан бор хавтастай хэргийг 4-5-аар нь давхарлаж шүүгчийн ширээн дээр өржээ. Тэр дотор жилийн дөрвөн улиралд хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгөө бөөнөөр нь тавиад туучихсан хүний цөхрөнгөө барсан мэдүүлэг ч цөөнгүй бий. Эхэндээ Улаанбаатарт байр түрээс, тавилга худалдах нэрийдлээр иргэдийг залилж байсан этгээдүүд сүүлдээ малчдыг онилсон нь мотоциклийн наймаа. Эл гурван хэлбэрийн луйвраар 1999 онд төрсөн 20 гаруй насны хоёр “бацаан” 46-47 хүний 50 гаруй сая төгрөгийг залилсан хэргийг саяхан Чингэлтэй дүүргийн шүүх хянав. Шүүгдэгчид нэг нутгийн багын найзууд. Нэг нь төрийн байгууллагад хариуцлагатай алба хашиж явсан ч өдгөө ийм хэрэгт холбогдож хэцүү нэртийн хаалга татав.

“ЭЭЖИЙН НУЛИМС ГАШУУН ГЭДГИЙГ МЭДЭРЛЭЭ”

Залилангийн хэрэгтнүүд хэчнээн хуурамч хаяг, худал мэдээлэл ашигласан ч гишгэх газаргүй гэдгийг Монголын цагдаа харуулав. Хохирогчид ч тал талаасаа тэр даруй цагдаад өргөдөл гаргаж хэргүүдийг нэгтгэснээр өнөөдөр залилагчид шүүхээс, мөнгийг нь луйвардсан иргэдээс өршөөл эрэн шүүх танхимд зогсч буй юм. Тэд цагдаад шалгагдах явцдаа оргон зайлсан ч амжилт олоогүй. Эцэстээ 220 гаруй хоног торны цаана сууж байгаад шүүхийн өмнө дуудагдаж ирсэн нь энэ. Мөн мотоцикль авна хэмээн 2.5 сая төгрөгөө залилуулсан хохирогчдоос шүүх хуралд оролцохоор 800 км зам туулж Хөвсгөл аймгаас зорьж ирсэн нэгэн байв. Түүнчлэн залилан хийсэн этгээдийн ар гэрийнхэн ч хаа холоос хэдэн арван удаа нааш цааш явдал суудал болж хохирлыг барагдуулахаар хамаг мал хуй, эд хөрөнгөө зарж 40-50 хүн рүү өдөр шөнөгүй утасдаж яваа аж. Шүүгдэгчийн ээж “Өмнө нь мөнгө өгөөд аймаг руу явуулахад захисан зүйлийг тоо ёсоор нь аваад ирдэг тийм л итгэлтэй хүү байсан. Сүүлийн 2-3 жил танигдахын аргагүй боллоо. Хэлэх үг олдохгүй байна” гээд дуугүй хураав. Үр хүүхдийнхээ өмнөөс өршөөл эрэхдээ нэгнийх нь эцэг эх малаа зарж борлуулж яваа бол нөгөөгийнх нь гэр бүлээрээ амьдардаг дөрвөн өрөө байраа борлуулж хүмүүсийн өрийг дарна гэснийг өмгөөлөгч дамжуулж хэлэв. Дээр нь шүүх хуралдаанд оролцсон хохирогч бүтэн жил цагдаа, шүүхээр явснаа хэлж сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ мэдэгдэв. Шүүх бүрэлдэхүүн ч сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн тохиолдолд гаргаж өгөх боломжтой гэдгийг хэлсэн. Гэвч бодлогогүй үр хүүхдийнхээ балгийг үүрч яваа эцэг эхийг нь өрөвдөөд энэ удаад нэхэмжлэхээс татгалзсан юм. Хэрэв залилуулсан хохирогч болгон сэтгэл санааны хохирол нэхэмжлэх юм бол 50 сая төгрөг дахиад хэд болж үржихийг таашгүй. Харин энэ удаад аз таарч байгаа хэрэг.

Шүүх хуралдааны дэг ёсоор прокурор яллах дүгнэлт уншсаны дараа шүүгдэгчдэд үг хэлэх боломж олгов. Тэд үг хэлэх бүртээ гэмшиж буйгаа илэрхийлэх бөгөөд нэг нь “Долоон сар хоригдох хугацаанд ээжийн нулимс ямар гашуун гэдгийг мэдэрлээ. Эрх чөлөө гэдэг ямар үнэ цэнтэйг ойлголоо” гээд хоолой зангирууллаа. Өөрийнх нь төлөө хамаг байдгаа хаяад хүн хүн гуйж, шүүх танхимын хамгийн арын суудалд маск зүүж нүүрээ нуучихаад дальдчилж суугаа ээжийгээ хараад өрөвдсөн биз.

ТҮР ЗУУРЫН ЖАРГАЛЫГ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨРӨӨ АРИЛЖСАН ЦАХИМ ЗАЛИЛАН

Ямар ч тохиолдолд мөнгө мөрөө үлдээдэг гэдгийг дээрх цахим залилангийн хэрэг харуулж буй. Илрэхгүй, баригдахгүй гэж бодоод ч хэрэггүй гэдгийг хууль хяналтынхан хэлж байна. Нөгөө талд иргэд мэдлэг мэдээлэлтэй хэрсүү байх шаардлага үүсч буйг ч энэ кейс харууллаа. Гэхдээ залилагчдын арга улам нарийсч буйг энэ хэргээс харж болно. Хэргийн хохирогч “Зарын дагуу холбогдоход видеогоор хайрцагтай хэд хэдэн мотоцикль харуулж өнгийг нь хүртэл сонгуулсан учраас итгэхээс аргагүй байдалд хүрсэн” гэдгээ хэлсэн. Тэгэхээр өөрт байхгүй зүйлээ ямар нэг аргаар бодит мэт харагдуулж чадаж байгаа учраас иргэд маш няхуур байж гараараа барьж үзээгүй л бол сошиалын цаанаас хэнд ч итгээд хэрэггүй цаг үе ажээ.

Хэргийн нэг хохирогч найз охиныхоо машиныг түр гуйж хэрэглэхдээ нүүрсэн янданг зарж, бэлэн мөнгийг нь хулгайлжээ. Өөрөөр хэлбэл, хэн ч байсан залилж мэдэхээр хүн чанаргүй хүмүүс ч хаа саагүй болсныг харуулах шиг. Ийнхүү гурван цаг гаруй үргэлжилсэн шүүх хурлаас залилангийн гэмт хэрэгтнүүдийг гурван жилээр зорчих эрхийг хязгаарлахаар болов. Энэ хугацаанд мөн долоон сар гаруй хоригдсон. Тиймээс гэмт этгээдүүд оршин суугаа хаяг буюу Хөвсгөл аймгийн сумаас хоёр жил гаруй хугацаанд чөлөөтэй гарч, орох эрхгүй боллоо. Тэд 1000 хоног хууль хяналтын хатуу хараа хяналтад байна. Хэрэв хууль зөрчиж өөр тийш явбал шууд хоригдох юм. Мөн хүмүүст учруулсан мөнгөө бүрэн төлж барагдуулах хугацаатай үүрэг хүлээж байгаа. Ийн  бусдаас залилсан 50 гаруй сая төгрөгөөр хэдхэн өдрийн дотор зугаалж наргиад дууссан гэж мэдүүлж буй гэмт этгээдүүд  баригдахгүй гэж бодож амар хялбар аргаар их мөнгө олсон түр зуурын жаргалаа ийнхүү эрх чөлөөгөөрөө арилжлаа. Ид хийж бүтээж хөдөлмөрлөх, залуу сайхан насаа хатуу хяналтан дунд, шүүх танхимд өөрсдийнх нь хэлснээр “эрх чөлөө ямар үнэ цэнтэй” гэдгийг мэдэрсэн гурван жил өнгөрөх нь.

Шүүгч “Улсын яллагчтай санал нэг байна. Залилангийн хэрэгт хорих санкц бий. Мөн нийтэд тустай ажил хийлгэх сонголт ч бий. Хохирол тодорхой хэмжээнд төлсөн, гэмшсэн, гэм буруутайгаа маргаагүй зэргийг харгалзсан. Мөн их хэмжээний хохиролтой учраас бүрэн төлүүлэхийн тулд хорих нь зохимжгүй. Нийтэд тустай ажил хийлгэх сонголт бас бий. Эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрохоос бусад тохиолдолд одоогийн оршин суугаа хаягаасаа өөр тийш явах эрхгүй. Биелүүлээгүй бол шууд хорино. Хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтсон хугацаанд хохирлыг албадан төлүүлнэ” гэсэн юм.

С.УЯНГА

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


URL: