МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ 17 ЖИЛ
Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийн 17 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Урт хугацаатай, хүртээмжтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээр хүчин зүтгэсэн эдгээр он жилүүдийн томоохон ажлуудаас онцлон хүргэе.
- Зөвлөмжөөс зөв тогтолцоо руу
Манай улсад ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хоёрдогч зах зээлд ажиллах хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагатай болохыг 2005 онд АНУ-ын ОУХА (USAID)-ын техникийн тусламжаар зөвлөж, улмаар 2006 онд Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банк хамтран Монголын ипотекийн корпораци ХХК (МИК)-ийг байгуулав. Техникийн тусламжийн хүрээнд 10 гаруй жил амжилттай хэрэгжиж буй 2 төсөл нь зээлийн мэдээллийн сан болон МИК юм. Улмаар дүрмийн санг нэмэх, банкны тухай хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэх, IPO гаргасантай холбоотой МИК-ийн хувь эзэмшилд тухай бүр өөрчлөлт оржээ.
МИК нь арилжааны банкнаас иргэдэд олгосон хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр арилжааны банкуудын хөрвөх чадвар сайжирч, дараагийн иргэдэд зээл олгох боломж бүрддэг.
- 155 удаагийн хэлцэл
Бид банкууд болон ББСБ-ын хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулан зах зээлийн хүүтэй орон сууц ба бусад төрлийн зээлийг худалдан авдаг. Өнгөрсөн хугацаанд өөрийн эх үүсвэр болон ОУ-ын зах зээлээс татсан хөрөнгөөр зах зээлийн хүүтэй зээлийг худалдан авах 155 удаагийн хэлцлийг гүйцэтгэв.
- Олон улс дахь мэргэжлийн түншлэл
МИК нь орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ОУ-ын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ISMMA) болон Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA) гэх мэт мэргэжлийн холбоодын гишүүнээр ажиллаж, мэдлэг туршлага, шийдлийг харилцан солилцож, ажил хэрэг болгож ирлээ.
- 550 сая ам.доллар
МИК нь Олон улсын хөрөнгийн захаас 2019 онд 300 сая ам.доллар, 2021 онд 250 сая ам.доллар буюу нийт 550 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн. Энэ нь цар тахлын хүнд үед МУ-ын валютын нөөцийг үлэмж нэмэгдүүлсэн төдийгүй гадаад захаас хөрөнгө татсан цөөн компаниудын нэг болж, дэлхийн хөрөнгө оруулагчдын дунд Монголын бизнесийн салбарын нэр хүндэд эерэг хувь нэмэр оруулж байна.
- Тогтвортой хөгжлийн тулгуур бүтэц
Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо найдвартай, мэргэжлийн, хүртээмжтэй хөгжих нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчин, боловсрол нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах үндэс болдог. Хөнгөлөлттэй болон зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 12 зорилгыг биелүүлэхэд шууд ба шууд бусаар хувь нэмэр оруулж байна.
URL: