“Нүүрсний хулгайч” Б.Ганхуяг ЭЦСИЙН СУМАА ТАВИЛАА

IMG_2870“Эрдэнэс тавантолгой”-н Б.Ганхуяг өөрийгөө нүүрсний хулгайн ХАМГИЙН ТОМ ГЭРЧ гэдгээ зарласан. Энэ нь тэр ямар дарга, хэн гэдэг улстөрч хэдэн шанага нүүрс хулгайлсан гэдгийг нэр ус, тоо ширхгээр нь мэднэ гэсэн үг. Ялллагдагчаар татагдаж олон сар цагдан хоригдохдоо нэг ч үг, өгүүлбэр амнаасаа унагаагүй Б.Ганхуяг шүүх танхимд “нүүрсний хулгай”-аа ярьж эхэлсэн нь цаанаа ямар нэгэн далд агуулга, утгатай гэдгийг улс төр гадарладаг хэнд ч ойлгомжтой, тодорхой дүр зураг байлаа.

Яллагдагч Б.Ганхуягийн шүүх танхимд хэлсэн үгнээс давхар нэг утга уншигдана. Тэр жижиг гарын нүүрсний хулгайч, жинхэнэ “нүүрсний хулгайч”-дын гар хөл, хэлсэн ажлыг нь гүйцэтгэсэн “утсан хүүхэлдэй” төдий гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Тиймдээ ч ”нүүрсний хулгай”-н гэмт хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өөрөөр нь “туг тахих” гэж байгаа хэдэн дарга нартаа дохио өгсөн төдий. Хэрэв надаар туг тахих гэж байгаа бол би шүүх танхимд олон нийтэд бүгдийг нь ярина гэсэн л анхааруулга, тэдэнд илгээсэн мессеж юм.

Энэ ч утгаараа эхлээд мань эр “нүүрсний хулгай”-аа ярьж эхэлсэн. Түүний ярьж эхэлсэн гэдгийг цаад нөхөд нь ойлгосон ч тоогоогүй, хэн ч түүнтэй холбогдоогүй байж таарлаа. Үүнд бухимдсан, аргаа барсан Б.Ганхуяг хоёр дахь удаагийнхаа шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр “хашгирч” эхэлсэн гэхэд болно. 

Учир нь, өчигдөр /2023.09.20/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон.

Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг нүүрсний хулгайн жинхэнэ эздийг олж тогтооход дэмжлэг үзүүлж, мэдээлэл өгөхөө мэдэгдэж, өөрийгөө болон гэр бүлээ төрийн хамгаалалтад авахыг шүүгчээс хүслээ. Тэрбээр ”Яллагдагч Б.Ганхуяг миний бие “нүүрсний” гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, мэдээлэл өгөх асуудлаар мөрдөн шалгах байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Хамтран ажиллах эрх бүхий этгээдээр тогтоож намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү” гэж ярьсан юм.

Эндээс Б.Ганхуягийг жинхэнэ нүүрсний хулгайчид нь өөрсдөөсөө түлхэж, бүх булхайгаа түүнд тохож, түүгээр “туг тахих” сонирхол асар өндөр байгаа нь илт. Түүнийг нь мэдсэн Б.Ганхуяг бүх хулгайгаа ярьж хуулийн байгууллагатай хамтарч ажиллах эцсийн аргаа хэрэглэж байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаараа хэдэн тэрбум, хэдэн ихнаяд төгрөгөөр тоологдох нүүрсний хулгайн ХАМГИЙН ТОМ ГЭРЧ ярьж эхлэх нь, ярьж эхэлсэн нь сайшаалтай.

Харин Б.Ганхуягийг ярьж эхлэхэд хэдэн дарга, хэчнээн улстөрчийн зүрх зогсохыг харах л хэрэгтэй байна. Ингэхийн тулд ямар ч аргаар хамаагүй тэднээс урьтаж Б.Ганхуягийг яриулах л хэрэгтэй. Учир нь, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал ирэх пүрэв /2023.09.28/ гарагийн 14:00 цагт товлогдоод байгаа билээ.


URL: