Ц.Мянганбаяр өршөөлд хамрагдан суллагджээ

IMG_2747Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 онд шүүхээс зургаан жилийн хорих ял сонссон Ц.Мянганбаяр суллагджээ. Цэвээнжавын Мянганбаярыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-оор оногдуулсан 6 жилээс эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 23 хоногийн ялаас чөлөөлсөн байна.

Тодруулбал, “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1 дэх заалтад  зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах  дүгнэлт үйлдсэн байдаг.

Ийн 2021 оны гуравдугаар сарын 19-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ц.Мянганбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Х.Даржаагийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн тус шүүх 2021 оны зургаадугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг нь хэвээр үлдээж байв.

Түүний хувьд өршөөлөөр суллагдсан бөгөөд Ерөнхийлөгч энэ жил гурван хүнийг өршөөсний нэг нь тэр аж. Тодруулбал, Ерөнхийлөгч залилангийн гэмтэй хоёр, бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан нэг хүнийг өршөөлд хамруулан, үлдсэн ялаас нь хэлтрүүлсэн байна.


URL: