Ши Жиньпин, Путингүй “Их-20″ аюул уу, боломж уу?

IMG_2435Хятадын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Энэтхэгт болох “Их 20″-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ши Жиньпин Хятадын дарга болсноос хойш 10 гаруй жилийн хугацаанд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг алгасч байгаагүй.  Гэвч яагаад есдүгээр сарын 9-10-нд Шинэ Делид болох уулзалтад Ши Жиньпин оролцохгүй болсныг Бээжин тайлбарлаагүй. Зөвхөн Ерөнхий сайд Ли Цян Хятадыг төлөөлнө гэж мэдэгдсэн.

Ши Жиньпинээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Их-20 бүлгийн чуулганд оролцохгүй. Энэ хоёр эрхэмгүй болох энэ удаагийн Их-20 бүлгийн чуулган нь оролцогч дэлхийн удирдагчдын хувьд гол асуудлууд дээр илүү эв нэгдэлтэй байх боломж байж болох юм. Мөн АНУ-ын хувьд дэлхийн удирдагчийн байр сууриа батжуулах чухал боломж юм. Хэрэв Байден амжилттай ажиллаж чадвал  АНУ-ын байр суурийг бэхжүүлж, магадгүй ардчиллын тэргүүлэх байр суурийг хадгалахад тусална гэж үзэж байна.

Гэхдээ энэ нь Бээжингээс баруун болон түүний холбоотнуудтай харилцаагаа зогсоож байна гэсэн түгшүүртэй хандлагыг баталсан үйлдэл гэж Хятадад ажиллаж буй гадаадын дипломатчид дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад болон барууны орнуудын харилцаа Украины дайн, технологийн салбарын өрсөлдөөнтэй холбоотой хурцадмал байдал, Тайвань зэрэг олон асуудлаас үүдэн алсарсан.

Ши Жиньпин яагаад Их-20-ийн чуулганыг алгасах болсон талаар шинжээч, ажиглагчид дараах таамаглалуудыг дэвшүүлж байна. 

1. Хятад улс нь Их-20 бүлгийг даргалж буй Энэтхэгтэй сорилттой харилцаатай байгаа нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хятад улсаас Бээжингийн эзэмшилд байгаа Энэтхэгийн алс хойд Аруначал Прадеш мужийг багтаасан үндэсний газрын зургийг нийтэлж, асуудлыг хурцатгав. Үүнд Энэтхэг улс “хүчтэй эсэргүүцэл” илэрхийлсэн.

2. Ерөнхийдөө Ши Жиньпиний олон улсын айлчлал энэ жил мэдэгдэхүйц буурч, зөвхөн найрсаг харилцаатай улс орнуудаар хязгаарлагдаж байна. Тэрбээр энэ онд Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах, өнгөрсөн сард Өмнөд Африкт болсон “БРИКС”-ийн хуулзалтад оролцохоор зөвхөн хоёрхон удаа Хятадаас гарсан.

Гэтэл Ши Жиньпин 2022 онд цар тахлын эсрэг хатуу хязгаарлалт тогтоож, хилээ хаасан үед гадаадад таван удаа, мөн 2019 онд Covid-19 тархахын өмнөхөн арваад  удаа олон улсад айлчлал хийжээ. Эсрэгээрээ Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен зэрэг барууны зарим удирдагчид энэ жил Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр Хятадад очсон.

3. Ши Жиньпин Байдентай нүүр тулан ярилцахаас зайлсхийхийн тулд Их-20-ийн уулзалтыг алгасч байна гэх хардлага ч байна.  Байден өнгөрсөн Ням гаригт энэ талаар ярихдаа, “Би сэтгэл дундуур байна … Гэхдээ би түүнтэй уулзах болно” гэж хэлсэн ч хэзээ уулзалт болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Сан Францискод ирэх арваннэгдүгээр сард болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) форумд ганцаарчилсан уулзах боломжтой. Гэхдээ Ши Жиньпин үүнд оролцоно гэсэн баталгаа байхгүй.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Индонезийн Бали аралд эхлүүлсэн яриа хэлэлцээг ахиулна гэсэн итгэл зарим хүрээлэлд байсан. Энэ оны эхээр Хятадын тагнуулын бөмбөлөг Америкийн дээгүүр ниссэнээс хойш уналтад ороод байсан хоёр улсын харилцааг сэргээхийн тулд АНУ сүүлийн гурван сарын хугацаанд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Тодруулбал,  АНУ-ын засгийн газрын гурван нарийн бичгийн дарга, цаг уурын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчөө  Бээжин рүү илгээсэн. Гэхдээ Их-20 бол Хятад, АНУ-ын харилцаанаас хамаагүй илүү юм.

4. Энэ онд Аргентин, Египет, Этиоп, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсыг элсүүлэн “БРИКС”-ийг өргөжүүлж байгаа нь Их-20-той өрсөлдөхүйц платформ үүсгэх зорилготой гэж үзэх ажиглагчид ч байна. Гэхдээ Их-20 бол дэлхийн эдийн засгийн бүтээгдэхүүний 85 хувь, дэлхийн худалдааны 75 хувь, дэлхийн хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг. Үүний эсрэгээр, БРИКС+ өнөөг хүртэл дэлхийн ДНБ-ий ердөө 36 хувь, хүн амын талаас бага хувийг багтаадаг.

5. Ши Жиньпин хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж буй ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дэмжлэг үзүүлэхийн тулд Их-20-ийн чуулганы алгасахаар шийдсэн байх магадлалтай. Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сард Путиныг баривчлах шийдвэр гаргасан нь түүний хөлийг тушсан. Үүнээс болж өнгөрсөн сард Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болсон БРИКС-ийн уулзалтыг Путин алгассан. Гэхдээ Их-20-ийн уулзалтыг зохион байгуулж буй Энэтхэг нь Өмнөд Африкаас ялгаатай нь Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд гарын үсэг зураагүй.

6. Хятад улс “Бүс ба Зам”-ын дэд бүтцийн мега төслийнхөө хүрээнд ирэх аравдугаар сард өөрийн орондоо олон улсын хурал зохион байгуулах гэж буй. Тиймээс Ши Жиньпин дэлхийн удирдагч дээр өөрөө очихын оронд тэднийг Хятадад ирүүлэх бодолтой байж магадгүй гэж зарим шинжээч таамаглажээ. Уг төсөлд бараг 150 гаруй улс нэгдээд байгаа.

ЭХ СУРВАЛЖ: CNN, REUTERS


URL: