С.Бямбацогтыг унагах “АДЫН ХҮЧ” АТГ-ын хаалгыг татлаа

-Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээе. Зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдлээ-


МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа С.Бямбацогтыг огцрохыг шаардсан тэмцэл гудамжинд өрнөж байна. Тэмцэгчид нь “Драгон” төвд худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчид, иргэд. Тэд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулж, сайдын суудлаас нь буулгахыг хүсэж байгаа юм.

Шалтгаан нь, Сонгинхайрхан дүүргийн нутагт байх “Драгон” авто вокзалыг “Номин реалтор” ХХК-ийн хашаа руу нүүлгэсэн явдал юм. Ингэж эсэргүүцэж байгаа нь цаанаа улс төрийн оролцоо, бизнесийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж харах хүн олон байгаа.

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн мягмар гарагт мэдэгдэл, тайлбарыг өгчээ. Ингэхдээ улс төрийн ашиг хонжоо хайж, бусдын захиалгаар өөрийг нь гүтгэж байгаа нөхдийг хууль хяналтын байгууллагад өгөхөө мэдэгдэв. Түүнчлэн давхар өөрөө өөрийгөө АТГ-т шалгуулж, нэр төрөө цэвэрлэж авна гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байна.

Тэрбээр “Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ” гэжээ.

Үргэлжлүүлэн “Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье. Миний Авто тээврийн үндэсний төвийн хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна. Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно” хэмээн тодотгосон байна.

Хамгийн гол нь, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээе. Зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярьжээ.

Нөгөө талд ч Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулж, сайдын суудлаас нь буулгахыг хүссэн хэдэн арван хүн гудамжинд уриа лоозон барьж, тэмцэл өрнүүлээд байгаа юм. Тэд ч гэсэн буруутай нь тогтоогдох аваас хариуцлагаа хүлээнэ. Энэ бүгдээс харахад, С.Бямбацогтыг “буулгах хүч” АТГ-ын хаалгыг хэдийнэ татсан гэхэд болно. Харин үнэн аль талд байгааг хүлээх л үлдлээ.


URL: