Иргэд ажиллагааг сайшааж байгаа ч эзнээ олоосой гэж хүсэж байна
Индэр дээр “Шударга ёс” хэмээх лоозон залчихаад үзэж байна. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны, нүүрсний гэх хэрэгт өндөр дээд албан тушаалтнуудыг холбогдуулан шалгах мөрдөх ажиллагаа явуулж байгаа мэдээлэл өдрөөс өдөрт нэмэгдсээр.
Манай нийгэмд халдварлаж тархаад байсан авлига, албан тушаалын хэргийг цэгцэлж, бага ч атугай шударга ёс тогтоох цаг нь ирсэн учраас сайн хэрэг. Олон нийт ч ам сайтай байна. Сүүлийн 20, 30 жил үүрлэж дийлдэхээ больсон асуудал бол албан тушаал, авлигын хэрэг. Үүнд холбогдох байгалийн баялагийн хулгай газар авсан төдийгүй олон албан тушаалтан уул уурхайд ямар нэгэн байдлаар гараа дүрсэн байдаг. Эсвэл хамаарал бүхий нөхдөө холбогдуулсан байдаг. Өнөөдөр үүнийг л шалгаж байна. Төрийн өндөр дээд шатнаасаа дунд, бага шат хүртэл үргэлжилсэн энэ байдлыг шууд нэг өдөр, нэг сар, жилд таслан зогсоох аргагүй. Тодорхой үе шаттай, нэлээд нарийн ажиллагаа шаардаж таарна. Яагаад гэвэл олон жилд хүрээ хаяагаа тэлж ирсэн зүйл шүү дээ.
Яллагдагчаар татах, мөрдөх, тайлбар авах зэрэг нь тухайн хүн гэмт хэрэг өдүүлсэн хэрэг огт биш. Гагцхүү шалгах ёстой бол шалгаж л таарна. Ийм үүрэг хүлээсэн байгууллага учраас энд хүний эрх зөрчиж байна гэх үзэх аргагүй. Гэхдээ нэг зовлон бий. Энэ хэрэгт гол төлөв улстөрчид холбогдож, тэдний нэрсийг зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл тэдний улс төрийн замнал, замд ихээхэн саад болох магадлал байгааг л дурдах гэсэн хэрэг. Өнөөдөр “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банкнаас зээл авсан, концесс авсан гэх мэт хэрэгт нэрсээ зарлуулж байгаа улстөрчдийн сонгуулийн өмнөх кампанит ажил юу юугүй эхэлнэ. Өргөн хүрээг хамарсан шалгах мөрдөх ажиллагааны явц өөрөө урт байж таарна. Яллагдагчаар татагдсан хүн сонгуульд нэр дэвшихгүй гэх олон шалтгаан улстөрчдөд саад болно.
Сэтгүүлчийн хувьд харж байхад УИХ-ын чуулганы хуралдаан, бусад холбогдох байгууллагаас гээд нэгнийхээ нэр усыг зарлах, шүүн тунгаах байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй гэмт хэрэгт нэгнээ цоллох зэрэг үйл явдал олон болжээ. Олон нийт ч үүнийг улс төрийн зорилгоор хэмээн харах болжээ. УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэж нэг зүйл бий. Цаашилбал, үндэсний аюулгүй байдал талаасаа ч сөрөг нөлөөлөл үзүүлж болохоор харагддаг.Сайд дарга нар нэгнээ цоллож байгааг бол улс төрийн зорилгоор гэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал харагддаг.
УИХ-ын гишүүн үнэхээр халдашгүй дархан эрхтэй юм бол шуудхан гэмт хэрэгт холбогдуулан нэрсийг нь зарлах өрөөсгөл байж магад. Үнэхээр гэмт хэрэг өдүүлсэн бол тэр хүний хэрэг төдийгүй сонгогч олны асуудал болж хувирна. Тухайн улстөрч гэмт хэрэг өдүүлсэн бол улс төрийнхөө карьерт цэг хатгаж байна гэсэн үг. Тэгэхээр улстөрчийн ёс зүй, хууль дүрэмдээ захирагдаж явах үүрэг Монгол Улсын иргэн бүрд бий. Нөгөө талаар “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэх үгийн утга учир ч энд тайлагдана. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш гэрээ бүү хэл биеэ засаагүй залуусыг улс төрд оруулж ирэх нь элбэг болсон. Энэ нь олон намын тогтолцооноос үүдэлтэй. Нэгэн жишээ дурдахад 20 гаруйхан настай С.Баярцогтыг Ардын их хурлын депатутаар сонгож, 30 шүүрэх насанд нь төрийн өндөр дээд албан тушаалд дамжуулан томилсон байдаг. Одоо ямар хэмжээний карьертай улстөрч болж дуусаж байгааг хар. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 27 настай УИХ-ын гишүүн, 29 настай Гэгээрлийн сайдаар томилогдож байв. Одоо эх орондоо ч ирэх эрхгүй хэрэг өдүүлчихээд хилийн чанад оргож босож явна. Энэ мэт олон жишээ дурдаж болно. Тухайн улстөрч хэрэг өдүүлсэн болоод зугтааж яваа нь ойлгомжтой. Харин өнөөдөр яллагдагчаар татагдсан нөхөд байр сууриа илэрхийлээд шалгуулаад сууж байна гэдэг өөрөө гэмт хэрэг үйлдээгүй, шалгуулаад буруу зөвөө шүүлгэнэ гэж байгаа хэрэг болов уу.
Одоогийн байдлаар нэр бүхий УИХ-ын гишүүд, нийтийн албан тушаалтан, иргэд гэх мэт 80 шахам хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бол өнгөрөгч баасан гаригт Прокурорын газраас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Ийм л том асуудлыг өнөөдөр төрийн өндөр дээд суудалд очсон наяад оны залуус эхлүүлсэн нь нийгэмд гэрэл гэгээ тусгаж байгаа юм. Гагцхүү энэ ажиллагаа нь гэм зэмгүй хүний нэр төрд халдах вий. Цаашлаад улс төрийн зорилго байх вий. Эсвэл жинхэнэ эзнээ ололгүй замхрах вий гэсэн айдас хаа хаанаа бий. Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбайгүй, төлөвлөлтгүй орон сууц хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв.
“Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр “Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна” гэсэн бол “Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал “Яармагийн Арцатын аманд улсын сургууль, цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Барилгыг баригдаж дуусаагүй байхад улсын комисс хүлээн авч байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөнгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна” гэв.
Харин “Оч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар, бие оролцдог болох хэрэгтэй байна. “Монгол хотхон” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Төмөрбат Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-нуудын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-нуудын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна” гэсэн байна. Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон, мөн орон сууц хүлээн авч буй улсын комиссын бүрэлдэхүүнд Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс төлөөлөл оруулдаг болох өөрчлөлтийг хийх боломжтойг хэлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууцыг улсын комисс хүлээн авч байгаагийн цаана авлига байгааг онцлон хэллээ. Тийм барилгыг хүлээн авсан улсын комиссын хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэдийн оролцоонд тулгуурлаж хамтын хууль болгон шинэчлэх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: