ОРХОН: Хачигт халдварын улмаас нэг иргэн нас баржээ

64b5e9a3440aeБаян-Өндөр /МОНЦАМЭ/. Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг хүргэж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь тархины үрэвсэл үүсч таван хүн эмнэлэгт  хэвтжээ. Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын харъяат  3, Орхон  аймгийн Жаргалант сумын 1, Баян-Өндөр сумын  Их-Залуу багийн 1 иргэн эмнэлэгт хэвтэж байна.

Булган аймгийн Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт эмчлүүлж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас барсан бол өнөөдрийн байдлаар нэг иргэний биеийн байдал хүнд, 3 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг хачгийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг болон жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинд хамрагдахыг ЭМГ-аас анхаарууллаа.

Мөн хачигт хазуулснаас хойш 1-2 сарын дараа эмнэлгийн байгууллагад хандаж байгаа нь нас барах болон хөл, гарны саажилт өгөх хүндрэл үүсч байна гэлээ.

Аймгийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяалал харгалзахгүй вакцин хийж байгаа учир вакцинд хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас уриаллаа. Мөн хөрш зэргэлдээ сумдын эмнэлгүүдэд иргэдийг эрт үед нь зөв оношлох, дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай шилжүүлэхийг Орхон аймгийн ЭМГ-аас албан бичгээр хүргүүлжээ.


URL: