Дайнаас буцаж ирсэн Москвагийн оршин суугчийн гаражаас 14 гранат, Калашниковын автомат буу олджээ

168908291064ad5c1e304f4Украины дайнд оролцогч фронтоос эргэж ирэхдээ бүхэл бүтэн зэвсгийн “цуглуулгатай” буцаж ирсэн байжээ.  Тэрээр Калашниковын автомат буу, түүнд зориулсан 420 сум, гал хамгаалагчтай РГД-5 гранат 14 ширхэг авчирсан болох нь тогтоогджээ.

Тухайн этгээдийг баривчилсан бөгөөд  энэ бүх хууль бусаар олж авсан зэвсгээ гараждаа хадгалж байсан  гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн 34 настай эрэгтэйн гаражид саперууд ажиллаж байна.

Энэ бол фронтоос ирэхдээ зэвсэг хууль бусаар авчирсан анхны тохиолдол биш юм. Долоо хоногийн өмнө Санкт-Петербург хотод цагдаа нар Украины дайны фроонтоос зэвсэг авчирсан 62 настай эрэгтэйг саатуулсан юм. Орон нутгийн сонинд мэдээлснээр, Петербург хотын оршин суугчийн зуслангийн байшингаас сум, гранат, зэвсгийн сэлбэг хэрэгсэл,  гар буу, буу, винтов болон бусад зэвсэглэл олджээ. Баривчлагдсан этгээдийн ярьснаар тэрээр “дайнд бэлтгэж байсан” учир Петербургт зэвсэг авчирсан гэжээ.

Дөрөвдүгээр сард Украины дайнд оролцсон 60 настай Николай Пивоваров Владивосток руу гэртээ зэвсэг барин буцаж иржээ. Хэсэг хугацааны дараа орон нутгийн цагдаа нар түүнийг Русский арлын гудамжинд 55 настай хөршөө хөнөөсөн хэрэгт сэжиглэн эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ.

Пивоваров сайн дурын батальоны бүрэлдэхүүнд тулалдсан, байлдааны туршлагатай нэгэн байв. Түүнийг фронт руу явахаас өмнө хууль бусаар зэвсэг олж авсан, шилжүүлсэн, худалдсан, хадгалсан, авч явсан, хулгайлсан хэргээр шүүж байжээ.

Хоёрдугаар сард Краснодар дахь орон сууцны барилгад гранат дэлбэрчээ. Дэлбэрэлт болох үед тухайн эр согтуу байсан гэж орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. Гранатыг фронтод байлдаж байсан сайн дурынхан Украинаас авчирсан байв.

Хууль сахиулагчид түүний орон сууцыг шалгахад дахин нэг гранат олдсон бөгөөд дайнд оролцогчдыг хууль бус зэвсэг олж авсан, эзэмшсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр 2022 онд Орост зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис ашигласан гэмт хэргийн тоо хоёр дахин нэмэгджээ. Эдгээр гэмт хэргийн ихэнхийг цэргийн албан хаагчид үйлдсэн байна.

Украинд дайн эхэлснээс хойш дор хаяж 42 цэргийн албан хаагчийг бүртгэлгүй зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх төхөөрөмж завшсан, биедээ авч явсан хэргээр шүүгээд байна.

Эх сурвалж: Мoscowtimes.ru


URL: