Монголын төр “Оффшор бүсийн зочид”-той хариуцлага тооцож чадах уу
УЕПГ-аас гадаад хөрөнгө оруулалттай ААН, хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлын улсын хэмжээнд нэгтгэн судалж хянах зорилготойгоор 17 прокурорын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ажлын хэсэг нь сүүлийн 6 жилд шалгаж шийдвэрлэсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гадаадын 300 гаруй хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай ААН-тэй холбоотой хэргүүдийг хянаж арга хэмжээ авах юм байна. Тэгвэл үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдад залилуулж луйвардуулаад хохирсон дотоодын ААН-үүдийнхээ төлөө бас ажиллах шаардлагатай юм.
Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээр, тодруулбал тэртээх 1997 оноос хойш Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян-Айраг нэртэй ордын хууль ёсоор эзэмших болсон “Гурван гол холдинг” компани нь 18.2 тн алт, 118.5 тн мөнгө, 2,019.1 тн зэсийн нөөцтэй бөгөөд цул сульфид болон алт теллуридын бүсэд нийт 13.7 тн алт, 95.4 тн мөнгө, 250.2 мян.тн зэсийн нөөцтэй. Тухайн ордыг ашиглах санхүүгийн боломжгүй үед нь оффшорт бүртгэлтэй “Киункункс” гэх компанийн нөхдүүд тэдний талбайнуудад хайгуул хийх хүсэлтээ өгч хамтран ажиллах санал тавьжээ. Ингээд одоогийн маргаан үүсгээд буй “Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ”-г 2002 оны 5 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл 1 ч төгрөгийн ашиг аваагүй, үйл ажиллагаанд нь оролцоогүй, санхүүгийн тайланд тусгадагаар бол их хэмжээний өрөнд орчихсон яваа юм.
Шалтгаан нь өнөөх гэрээ байгуулсан “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь өөрийн хамаарал бүхий компаниудад зээл өгсөн, хөрөнгө оруулагч тал болох одоогийн “Кю Жи Экс Гоулдин Хиллс” компани руу хүү, ханшийн зөрөө гэх мэт байдлаар маш их мөнгийг лиценз эзэмшигч бөгөөд гэрээ хийсэн талынхаа оролцоогүйгээр дур мэдэн шилжүүлсээр уг ордыг ашиглаад дуусч байгаа аж. Товчхондоо Монголын компани тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тавьсан саналыг нь хүлээж авсныхаа төлөөсөнд өөрсдийн лицензийг шилжүүлж хамтран компани эзэмшиж байгаа нэртэй ч эцэст нь ямар ч ашиг олоогүй, тэр ч байтугай их хэмжээний өр төлбөртэй үлдэх гэж байгаа учраас шүүхэд хандаад байгаа аж.
Гомдол, нэхэмжлэлээс нь харахад“Баян-Айраг эксплорэшн” компанийн 80 хувийг эзэмшдэг Малайзын “Керри” групп одоогоор тус ордоос 7 тонн алт, 18 тонн мөнгө олборлосон ба ордын нөөц үндсэндээ дуусаж байгаа аж. Үйл ажиллагааны зардлыг хэт өндөр тавьж, гурван үсэгтэй компанийн менежмент санхүү, төр талын зохицуулалтыг нь хариуцдаг. Гэтэл ордод хайгуул хийж, лицензээрээ хөрөнгө оруулсан 20 хувийн жижиг хувьцаа эзэмшигч Монгол компани Баян-Айргаас нэг ч төгрөгийн хувьцааны ногдол ашиг авч байгаагүй гэдэг итгэхийн аргагүй. Энэ бол манай том компаниуд гадны луйварчидтай нийлж жижиг хувьцаа эзэмшигчдээ дээрэлхэж чаддаг шалгарсан арга гэлтэй. Яг л Оюутолгой орд дахь Монголын талын хувь заяаны дүр зураг шиг харагдаж байгаа биз? Гэхдээ үүнийг бид саяхан өөрчилж, гэрээний нөхцлийг сайжруулж чадсан. Одоо “Гурван гол холдинг”-ийнхонд яг ийм дэмжлэг, аврал хэрэгтэй байна.
Энэ бол тухайн дотоодын компаниас гадна Монголын баялаг юм. Үүнийг тодотгохын тулд бяцхан түүх өгүүлэхэд “Гурван Гол Холдинг” ХХК нь 1990 оноос өмнө буюу социализмийн үед Олон Улсын геологийн экспедиз нэртэйгээр үйл ажиллагаа явуулж Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг олон улсын геологич нартай
хамтран гүйцэтгэдэг байсан. Нийгмийн задрал явж зах зээлийн нийгэмд шилжин орсны дараа 1997 оны Ашигт малтмалын тухай хууль үйлчилж эхэлсний дараагаар “Гурван Гол Холдинг” ХХК нь одоогийн Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Баян-Айраг нэртэй ордын Х лиценз буюу Хайгуулын лицензийг өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Сарны титэм” гэх компанийн нэр дээр Геологи уул уурхай кадастрын албаны даргын 2000 оны 11 сарын 25-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр авсан байдаг.
Энэ бол манай улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал тун амаргүй, ядуурал нүүрлэж, ганц аврал нь уул уурхайн салбар санхүү, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийн чадамжгүйн улмаас гадаадын хөрөнгө оруулагчдыг уул уурхайн салбарт урин дуудаж байсан цаг үе. Ашигт малтмалын тухай хуулиа хүртэл хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлыг татахуйц болгон өөрчилж баялгаа ашиглах боломжийг хайж явсан тэр үед орж ирсэн олон ч гадны хөрөнгө оруулагч газрын дорх баялгаас маань хүртсэн ч бидэнд хүртээсэн нь юусан билээ. Нийгмийн золиос болоод л өнгөрсөн. Харин төдийгөөс өдий хүртэл хамтарч ажиллаад нүдэн дээр нь дээрэм, луйврын чанартай үйл ажиллагаа хийж, лицензийн эзэд болон жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироосоор ирсэн “оффшор бүсийн зочид”-той Монголын төр хуулийн хариуцлага тооцох, сөхөрсөн үндэсний компаниудаа хамгаалах цаг нэгэнт болжээ гэдгийг энэхүү нийтлэлээрээ анхааруулж байна.
Шүүхийн шатанд яваа дээрх гэрээний тухайд л гэхэд уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөө, чөлөөт байдлын зарчимд үндэслэн хийгдсэн бөгөөд агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж байгуулсан ба уг гэрээ нь ямар нэгэн хууль зөрчиж байгуулагдаагүй хүчин төгөлдөр хэлцэл байгаа юм. Энэхүү гэрээ нь өөрийн гэсэн өвөрмөц агуулгатай Хувьцаа эзэмшигч нарын хоорондын гэрээ бөгөөд ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.5-т заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж болохоор байгаа юм. Тодруулбал талууд гэрээгээр “Баян-Айраг” ХХК-ийг үүсгэн байгуулах гол зорилго тавьсан байх бөгөөд 9 хавсралттай, хоорондоо уялдаа холбоотой, нэгдмэл нэг гэрээ юм. Гэтэл хэрэгжилт байхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын “Гурван гол холдинг” компанид ямар асуудал үүсээд байна вэ гэхээр юуны өмнө ТЭЗҮ-тэй танилцаад хөрөнгө оруулалтаа нөхөж дууссанаас хойш буюу 2012 оноос хойш жил бүр ашиг хүртэхээр байна гэж ойлгож гэрээ хийсэн байтал “Оффшор бүсийн зочид” маань 2011, 2015, 2018 оны ТЭЗҮ тодотголуудыг хийхийн өмнө гэрээ байгуулсан талдаа ч танилцуулаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар ч хэлэлцүүлээгүй. Гэтэл дотоодын компани маань “долларгүй” л болохоос олон жил бэлтгэгдсэн, ажлын туршлагатай манай урдаа барьдаг геологичид учраас хэр орлого орж, хөрөнгө оруулалтын зардал хэрхэн урсаж байгааг тооцоод л суугаад байж. Тухайлбал гэрээнд зааснаар бол дээр дурдсан тодотголуудад борлуулалтын орлогын 71-74% нь үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын зардал байх бөгөөд хөрөнгө оруулалтаа дунджаар 2,2 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоологдсон байсан. Гэтэл “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК нь өнөөгийн байдлаар 63.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа нь ТЭЗҮ болон түүний тодотголуудын дагуу үйл ажиллагаа явуулдаггүйг харуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаа эргэн төлөөгүйгээр барахгүй, их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагч тухайн хоёр компанид ихээхэн хохирол учруулсаар байгаа аж.
Та бүхэн бод доо. Монголын төр бараг л хүрч болохгүй мэтээр төсөөлж байсан Оюутолгойн гэрээгээ хүртэл Монголдоо ашигтайгаар өөрчлүүлж чадлаа шүү дээ. Гэтэл “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК 2002-2019 онуудын хооронд алдагдалтай ажиллаж, компанийн хуримтлагдсан өр нь 2021 оны санхүүгийн тайлангаар 63.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай гарсан байна. Энэ хугацаанд нийт 7 тн орчим алт, 18 тн орчим мөнгө борлуулсан байдаг гээд бодоход дэндүү хайран байгаа биз? Дээр нь натрийн цианид алдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас нутгийн малчид, иргэдийн компанийн талаарх үзэл бодолд ихээхэн сөрөг сэтгэгдэл бий болгож буйд энэ ордыг анх эзэмшихээр авсан мэргэжлийн геологид нь бүхнийг дүрэм журмын дагуу хийж сурсны хувьд маш их харамсаж явдаг аж. Түүнчлэн Монгол Улсын хуулийг дагаж мөрддөггүй, наад зах нь их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг олон тоогоор хийсэн ч гэрээгээр хамтарсан талдаа хэзээ ч мэдээлж байгаагүй, уурхайгаас алт хулгайлах, дизель түлшийг хуурамч падаанаар ачих зэрэг хулгай гаарсанд хамтран эзэмшиж буй хувьцаа эзэшигчид нь маш их харамсаж явдаг ч тэдэнд эзэмшдэг компанийнхаа талаар мэдээлэл авах ч эрх нь хаалттай болжээ.
Эцэст нь “Гурван гол холдинг”-ийнхон “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүгийн нөхцөл байдалд дээрх шалтгаануудаас болж сэтгэл хангалуун бус байгаа учраас өөрсдийн эзэмшиж байгаа хувьцаагаа худалдах болон бусад байдлаар компаниас гарахад бэлэн болоод байгаа аж. Гэтэл гэрээ байгуулаад өнөөг хүртэл хамтарч ирсний хувьд өнөөг хүртэлх хугацаанд хүртэх ёстой ашгаа хүртэж, тэдний буруугаас их хэмжээний өрөнд унасан байдлаасаа гарахыг хууль, шүүхийн дагуу нэхэмжлэх нь үндэсний компанийн хувьд эдлэх ёстой эрх нь билээ.
Энэ асуудал одоогоор шүүхийн шатанд яваа бөгөөд ирэх сард хяналтын шатны шүүхээр шийдэгдэх ёстой. Хохирч байсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалж, өнгөрсөн хэргүүдийг задалж үзэхээс гадна өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад залилуулж хоцорсон, зөвхөн лицензийг нь ашиглахын тулд гоё сайхан гэрээ байгуулаад огт ашиггүй, мэдээлэлгүй, эрхийг нь уландаа гишгэдэг “Оффшор бүсээс ирдэг зочид”-ыг шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болжээ.
Нийтлэлч У.Оргилмаа
Эх сурвалж: Baabar.mn
URL: