УДЭТ-ын урд барьж байсан зууван хэлбэртэй хоёр байгууламжийг зайгүй болгож байна гэж үзээд нураасан

УДЭТ-ын гадна талбайн тохижилтын ажилд иргэд шүүмжлэлтэй хандаад буй. Тэгвэл тус ажлын хүрээнд байгуулж байсан цэцгийн мандлыг нураажээ.

14 хоногийн өмнөөс эхлээд байсан тус тохижилтын ажлын зураг төслийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт болон иргэдийн санал хүсэлтийн дагуу өөрчлөхөөр болсныг албаны хүн хэллээ.

ba64f40eff0f4ec030f7c607fc03121e

Энэ талаар УБЗАА-ны дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Тохижилтын ажлын төсөв болох 900 сая төгрөг 2022 онд батлагдаж байсан. Шинэ зураг төслөөр усан оргилуур болон хөшөө дурсгалтай холбоотой зардлууд нь танагдаж ногоон байгууламж руугаа түлхүү чиглэсэн ажлыг хийхээр болж байна.

Хотын удирдлагууд газар дээр нь ажиллаж үзээд зууван хэлбэртэй хоёр байгууламжийг орон зайгүй болгож байгаа учраас нураахаар болсон.

УДЭТ-ын зогсоол дээр тэр хавийн оффист ажилладаг хүмүүс өдөржин машинаа орхиод орой нь аваад гардаг. Ямар нэгэн зогсоолын сэлгэлт байхгүй гэсэн үг.

Тиймээс 50 машин зогсоохын төлөө байх уу? 50 хүүхэд тоглуулах талбайтай байх уу гэдгийг бодох хэрэгтэй.

Хүндээ анхаарсан төлөвлөлт хийж хүн рүү чиглэхгүй бол түгжрэл буурахгүй. Дугуй унаад, скүүтерээр явах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

УДЭТ-ын үзэгчдэд зориулж хажуу талын задгай хэсэгт 20-оод машины болон жуулчны автобусны зогсоолыг шийдсэн байгаа” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн харьяа “Улаанбаатар зам” АЗЗА ТӨХК гүйцэтгэж байгаа бөгөөд наадмын өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.


URL: