АРД ТҮМЭН АНГЛИ ХЭЛЭЭ СУРНА. АЮУЛ ОСОЛ БАЙДАГ ЮМ БОЛ Ж.ЧИНБҮРЭН ТА АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ
Ерөнхий боловсролын сургуульд англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, заахгүй гэсэн бөөн хэрүүл болж байна. УИХ-ын Боловсрол, Шинжлэх ухааны Байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Хүүхдүүдэд багаас нь буюу гуравдугаар ангиас нь англи хэл заах нь монгол хэл, өв соёл, үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ.
Тийм учраас “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж байна” гэсэн юм. Түүний саналыг тус байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжив. Ж.Чинбүрэн цааш нь “Монгол гэж тусгаар улсын хар хайрцагны бодлого байх ёстой. Эх орныхоо тусгаар тогтнолд гай тарьж болохгүй. 6.6 дахь заалт буюу органик хуульдаа “англи хэл”-ийг сурна гэж зааж өгөх шаардлагагүй. Дэлхий нийт глобалчлагдаж байна. Анагаахын сургууль төгсөгчдийн англи хэлний мэдлэг дээд түвшинд байх ёстой байдаг. Гэхдээ бид заавал ингэж хуульчлах хэрэггүй, төрийн хар хайрцагны бодлоготой уялдуулж англи хэлийг гуравдугаар ангиас нь заахыг хориглосон нь зөв боллоо” гэсэн юм. Үндсэндээ түүний энэ ойлгомжгүй, хэдэн болхи үгээр нүүр хийж, УИХ-ын БСШУБХ-ны хуралдаанд оролцсон гишүүд урьдчилан ярилцаж тохирсон юм шиг англи хэлийг бага ангийн сургалтын хөтөлбөрөөс хасав.
“Монгол хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл заах нь монгол хэл, өв соёл, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна”. Энэ бас л сүртэй үг байгаа биз. Монгол хүүхдүүд өнөөдөр гуравдугаар ангиасаа биш гурван ойтойгоосоо англи хэлийг зурагтын суваг, аав ээжийнхээ гар утаснаас сурч эхэлсэн шүү дээ. Эмчид биеэ чагнуулахаар ирсэн хоёр настай хүүхэд эмнэлгийн хананд байгаа тоог монголоор биш англиар цэвэрхэн уншихыг өчигдөрхөн би харж суулаа. Тэр хүүхэд тэгээд Монголын үндэсний аюулгүй байдалд ямар аюул занал учруулах юм бол гэж бодож суулаа. Үүний хариултыг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс авах байх даа.
Энэ өдрүүдэд Боловсролын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг УИХ дээр явж байна. Тус хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгасан, ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар БШУЯ төлөвлөсөн тийм заалттай яваа. Гэтэл үүнийг Үндэсний аюулгүй байдалтай холбож, хийрхэж эхлэх шив. Нөгөө талаас нэр бүхий төрийн түшээд ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөнд байгаа мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлж, хардаж сэрдэж байгаа юм.
Эрүүл ухаанаар бодсон хэн ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхъя, Монголын ирээдүй дэлхийн хэмжээний боловсролтой байх ёстой гэсэн үзэл санаатай, төрийн бодлоготой “Англи хэлийг үгүйсгэсэн” УИХ-ын гишүүд зөрчилдөж байна. Тэд ер нь ингэхэд хэн юм бэ. Өөрсдөө бүгдээрээ англи хэлтэй. Хүүхдүүд нь бүгдээрээ өндөр төлбөртэй, англи хэлний хувийн сургуульд сурцгаадаг. Тэдний шийдвэрт итгэл үнэмшил төрөхгүй байгаа биз. Зөвхөн тэдний хүүхдүүд л багаасаа англи хэл сурч, бусдын хүүхдүүдэд тийм боломж олгохгүй гэж байгаа юм уу. Англи хэлгүй ирээдүй хойчийг бэлтгэх шийдвэрийг хуульчилж байгаагаараа харин Үндэсний аюулгүй байдалд хортой нөлөөлж байгаа нөхөд биш үү. Англи хэлгүй ирээдүй хойчтой Монгол Улсыг ирэх цаг хугацаа яаж хүлээж авах тухай бодож үзсэн үү. Эсвэл бодохыг хүсэхгүйгээр нөлөөнд автсан байна уу. Нөлөөнд автсан бол эх орны эсрэг гэмт үйлдэл. Ийм олон шалтгаанаар тэдгээр гишүүдийг “гэмтнүүд” болгож чадна. Тэд англи хэл сурахыг хуулиар хориглосон шалтгааныг буруутгах өөр олон хүчин зүйлийг иргэд өнөөдөр ярьж, бичиж байна. Тэр бүгдийг нийгэм харж, анзаарч байгаа.
Энд нэг зүйлийг онцгойлон асууя. Монгол хүүхдүүд гуравдугаар ангиасаа англи хэлийг үзсэнээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд яг ямар хор хохирол, аюул занал, осол эндэл авчрах гээд байгаа юм бэ. Үүнийг тайлбарлаж, хэлж өгнө үү. Яг ямар аюул занал, өв соёлын эсрэг үйлдэл болох гээд байна. Үүнийг мэдмээр байна.
Нөгөө талаасаа УИХ-ын гишүүд та нарыг ард түмэн яг яах гэж наана чинь залсан юм бэ. “Ард түмнийг аюулгүй, амар тайван, хууль ёст нийгэмд амьдруулаад өгөөч ээ” гэж л төрийн толгойд сонгосон шүү дээ. Түмний үр хүүхдүүд бол англи хэлийг хуультай, хуульгүй сурна. Сурчихаж байгаа. Үүнийг хэн ч хориглож дийлэхгүй. Дэлхий өөрөө хил хязгааргүй даяаршиж, хээр талд гар утсаараа англи кино үзээд сууж байдаг болсон цаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүд маань идэж байгаа хоол, ууж байгаа устайгаа хамт англи хэлийг үлгэн залган сурч байна. Үнэндээ үр хүүхдүүд маань англи хэл сурч байгаагаа ч мэдэхгүйгээр сурч байна.
Ингэж англи хэлжиж байгаа цаг үед бидэнд, бидний үр хүүхдэд ямар аюул осол ирэх гээд байна. Улс орны маань Үндэсний аюулгүй байдалд ямар хор хохирол учрах гээд байна. Үүнээс бид хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Үүнийг ард түмэндээ хэлж өг, ойлгуул. Аюул осол ирж байгаа бол гишүүд та нар төрийн нэрийн өмнөөс, хүлээсэн үүргийнхээ дагуу биднийг авран хамгаал. Энэ бол Их хурлын гишүүн Ж.Чинбүрэн таны хүлээсэн үүрэг хариуцлага, өргөсөн тангараг. Бүр төрийн индэр дээр, гарын үсгээ зурж өргөсөн тангараг чинь шүү. Энэ үүргээ биелүүл л дээ. Энэ хуулийг унагахад гол үүргийг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн та аюулын анхны сургаар бууж өгч байгаа чинь энэ юм уу. Эсвэл англи хэлтэй болчихсон, болж байгаа ирээдүй үр хойчоо аюул руу хаяж өгч байгаа чинь энэ юм уу. Учир нь та нэг л “Хадны мангаа” гэдэг шиг “Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулна” гэсэн битүү хатуу, тодорхойгүй, баримт нотолгоогүй зүйлээр хуулийг унагалаа. Англи хэлгүй ард түмэн болгох эхлэлийг тавилаа. Дэлхийгээс таслагдсан Монголын хойч үе байлгахыг та хүслээ. Үүнийг чинь ард түмэн “Үнэхээр англи хэл багаасаа сурсан нь аюул дагуулсан юм бол анхны сургаар нь ард түмнээ аюул руу хаяж өгөөд зугтлаа” гэж ярьцгааж байна.
Тэгэхээр Ж.Чинбүрэн нарын англи хэлийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүд ээ. Монголын ард түмэн англи хэлийг сурдагаараа сурна. Харин аюул осол байдаг юм бол, байгаа юм бол та нар түүнийг нь арилгах үүрэгтэй шүү. Үүний төлөө та бүхэн ард түмний мандатаар төрийн эрхэнд сонгогдсон. Ажлаа хийцгээ, аюул ослоос ард түмнээ авран сэргийлэх хуулиа боловсруулж баталцгаа…
URL: