Засгийн “тоосго”-ыг тодруулсан Л.Чинбатын хэрэг
Хөдөлмөрийн баатар, “Гацуурт”-ын Л.Чинбатын Сэлэнгийн малчид голдуу хүмүүсийг машинаараа хөөж, заналхийлсэн хэрэг олныг цочирдуулсан. Тэрбээр хэрэг гарсны дараа хэсэг алга болж, эрэн сурвалжлуулсан юм.
Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатын талаар “…Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг “Тоёота Ландкруйзер” маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан.
Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдээлсэн.
Түүнийг шалгаж буй 10.1 дүгээр зүйл нь “…Хүнийг алах”, 13.14 дүгээр зүйл нь “…Худал мэдээлэл тараах”, 20.16 дугаар зүйл нь “…Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” аж. Хамгийн гол нь олон нийтийн зүгээс энэ хэрэг дээр “…Дабль стандарт битгий үйлчлээсэй” гэж байна.
Дээрээс нь Л.Чинбатын энэ үйлдлийг дагаад “…Соёлын сайд Ч.Номин ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой” гэсэн байр суурь нэлээд гарлаа. Учир нь Гацуурт компани хийгээд Л.Чинбатттай холбоотой сангуудаас мөнгө авсан асуудлууд нэлээд гарч ирсэн. Өөр бусад баримт сэлтүүд ч үргэлжлэх шинжтэй. Ямартай ч Л.Чинбатын хэргийн дараа засгаас сугалж болох “тоосго”-оор Ч.Номин тодорлоо.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: