Ламхай нарыг хүчирхийлсэн, гэмт хэргийг нуун дарагдуулсан этгээдүүдийг шалгаж эхэллээ

355806869_1426364714826863_6119582306647622411_nГандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд буюу ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Гэмт хэргийн шинжтэй энэхүү мэдээллийн мөрөөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өнгөрөгч баасан гарагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон гэх бөгөөд хохирогч нарын тоо мөн нэмэгдэж байгаа гэдэг мэдээлэл байна.

Түүнчлэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэл байгаа учраас хүүхдүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй хэд хэдэн этгээдэд эрүүгийн хэрэг нээжээ.

Улмаар өнөөдөр /2023.06.21/ холбогдогч этгээдүүдээс тайлбар мэдүүлэг авахаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс авч явсан байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


URL: