Г.Дамдинням: Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй

Г.ДамдиннямБид ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүйУИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл хэмээн тусгасан. 2024 оноос эхлэн ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад англи хэл заахаар төлөвлөсөн ч гишүүдээс дэмжлэг авч чадалгүй унав.  Байнгын хорооны гишүүдээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг Г.Дамдинням, Ч.Ундрам, П.Анужин гурав л дэмжсэн юм. Энэ үеэр Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ Боловсролын үндсэн  буюу хамгийн түрүүнд судлах ёстой гадаад хэлтэй холбоотой асуудлаар олон үйл явдал өрнөж байгаа. Боловсролын ерөнхий хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт  бэлтгэхдээ ажлын  хэсэг, Засгийн газраас өгсөн  үзэл баримтлалын хүрээнд Монголын ирээдүй хүүхдүүдэд тэгш боломжийг олгох чиглэлээр бид ажиллаж байна. Өнөөдөр иргэдийн дунд БЗС-тай холбоотой дуулиан ид мандаж байна.  Боловсролын зээлийн сангийн зээлийг хэн авсан байна англи хэлтэй хүүхдүүд авсан байгаа. Үүний дийлэнх  нь англи хэл сурах боломжтой айлын хүүхдүүд.. Энэ хүүхдүүдийн буруу байхгүй. Манай  улсын систем тэгш боломжийг байхгүй болгож байна. Бид ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй.  Аль болох олон аавын  хүүхдүүд хаана байгаагаасаа үл  хамаарч  англи хэл үзэж байж, олон улсад өрсөлдөх чадвартай иргэн болж, төлөвшиж гарч ирэх юм. Тиймээс  Засгийн газраас өргөн баригдсан төсөл дээрээ байгаа англи хэлийг үндсэн хэл  байлгана гэсэн заалтыг авч үлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байнгын хорооны гишүүд та бүхэн энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байхыг хүсье. Иргэдэд тэгш боломж, хүртээмж, боловсрол ирээдүйг хүсэж байгаа. Боловсролын ялгаварлал хэрээс хэтэрсэн. Үүнийг арилгахын тулд бид нар энэ хуулийг боловсруулсан. Боломжтой хэсэг нь улам тасраад дэлхийн хэмжээнд хүрсэн, боломжгүй хэсэг нь уландаа үлдэж байна. Бид ард иргэдээ ингэж ялгах бодлого хийж болохгүй.

Хэдэн жилийн дараа сургууль төгсөх хүүхдүүдэд үлдээх хамгийн том өв нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгох хэлний өөрчлөлт байх болов уу гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд харж байгаа. Ардын хүүхэд сурч болдоггүй англи  хэл байдаг юм болов уу гэсэн асуултыг  гишүүддээ  тавьмаар байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn


URL: