Тамирчид: Бидний шагналын мөнгө холбооны өрөнд суутгагддаг
Монголын чөлөөт бөхийн холбоо 2022 оны гуравдугаар сард ерөнхийлөгчөөрөө Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр нарыг сонгосон. Тэгвэл холбооны удирдлагууд бөхчүүдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахгүй, Монгол Улсын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байгаа талаар чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд холбооны удирдлагуудыг тамирчдынхаа төлөө ажилладаг хүмүүсээр сольж, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ил тод болгоход нэгджээ. Мэдээллийг МУГТ П.Орхон, ОУХМ Б.Болортуяа тэргүүтэй Үндэсний шигшээ багийн тамирчид хийснийг тоймлон хүргэж байна.
- Чөлөөт бөхийн тамирчид тэмцээн уралдаанд явахдаа эмчгүй явдаг бөгөөд гадаадын эмч нарыг гуйж биеэ үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, холбоо тамирчдынхаа эрүүл мэндийг хянаж, анхаарч чадахгүй байгаа аж. Зарим тохиолдолд тамирчид өөрсдөө нэгэндээ дусал, тариа хийдэг байна.
- Тамирчид олон улсын чанартай тэмцээн уралдаанд өөрсдийн зардлаар явдаг. Зардлаа гаргуулъя гэхээр мөнгөгүй гэж хэлдэг байна. Заримдаа хувь хүн, байгууллагууд тамирчдыг дэмждэг ч тогтмол бус. Энэ байдлыг өөрчлөхөд удирдлагууд анхаарахгүй байна гэж тамирчид хэллээ.
МУГТ П.Орхон: Тамирчид гадаадын тэмцээнд явахдаа визэнд ч орж чадахгүй байна. Дотооддоо тэмцээн явуулахдаа мандатын мөнгөөрөө улсын аварга шалгаруулах тэмцээнээ явуулдаг. Тамирчин, багш нарын саналыг сонсдоггүй мөртлөө амжилт гаргахгүй бол бидний буруу мэт хэлдэг. Санхүү ил тод бус. Тамирчид битгий хэл УЗ-ийн гишүүд ч санхүүгийн мэдээллийг авч чаддаггүй. Одоо манай холбоо 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Байгууллагууд хөрөнгө оруулъя гэхээр энэ өрнөөс болоод зайгаа авдаг.
Олимпийн хүрэл медалт Б.Болортуяа: Холбоо амласан шагналуудаа өгдөггүй. Холбооны 60 жилийн ойгоор олимп, дэлхийн аваргад амжил үзүүлсэн тамирчдаа шагнасан. Намайг гэхэд 10 саяар, дэлхийн аваргад медаль авсан тамирчдыг 5 сая төгрөгөөр шагнасан. Тэгээд бидэнд пайз өгсөн ч мөнгийг нь өгөөгүй. Мөнгөө асуухаар манай холбоо Дэлхийн чөлөөт бөхийн холбоонд өртэй гээд өгдөггүй. Олон улсын чанартай тэмцээнд уралдаанд амжилт гаргаад шагнал авахаар тэр шагнал нь холбооны өрөнд суутгагддаг. Бид зардлаа гаргаад тэмцээнд явж байгаа мөртлөө амжилт гаргаад ч шагналаа авч чадахгүй байна. Тамирчид саналаа хэлье гэхээр та нар бэлтгэлээ хий, та нарт энэ асуудал хамаагүй гэж хэлдэг.
URL: