Америкууд ба Чингис хааны монголчууд

null-c043a162-acfc-4984-86f2-a5b6a3a2d29bТа бид итгэмээргүй дэлхийн анхны Үндсэн хуулийг боловсруулж хүн төрөлхтнийг хууль ёс, дэг журамтай амьдрах боломжийг бий болгосон Америкууд Чингис хаан түүний Монголын эзэнт гүрний засаглалыг сонирхон судалж байсан гайхалтай баримтыг танилцуулж байна. Өнгөрсөн жил Чингис хааны одон хүртсэн америкийн профессор Жак Уюьтэрфордын бичсэн “Чингэс хаан ба бурханы эрэл” нэртэй номын нээлт Америкийн Нэгдсэн улсад 2016 оны аравдугаар сарын 26-нд болжээ. Зохиогч энэ судалгааны номын нээлтэнд оролцож үг хэлэхдээ “Өнөөгийн Америкийн хүчирхэг байгаа, 200 гаран жил мандан бадарч ирсний нэгэн тулгуур нь чухам Америкийн Эрх чөлөөний тунхаг болно” гэжээ. Нэн сонирхолтой нь энэхүү Эрх чөлөөний тунхаг бичигт Чингис хааны үзэл санаа нэн тодорхой туссан, тодруулж хэлбэл тухайн үеийн /1770-аад он/ Америкийг үндэслэгч анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон, Бенжамин Франклин (доллар 100 дэвсгэр), Томас Жефферсон, Жон Адамс нарын удирдагчид Чингис хааны засаглалын үзэл санааг зориуд анхааран судалж, хүний эрхийн түгээмэл тунхаг бичиг болон Америкийн Үндсэн хуульд авч тусгасан явдал” гэж хэлсэн нь яах аргагүй анхаарал татаж байна.

Америкуудын түүхэнд “Америк орныг үндэслэгч эцгүүд, бурханы хөвгүүд” гэж Александер Хамилтон, Жорж Вашингтон,  Бенжамин Франклин, Томас Жефферсон, Жон Лай, Жон Адамс, Жэмс Мадисон нарын долоон хүнийг нэрлэдгийг бид мэднэ.

Эрдэмтэн баримт нотолгоо болгож хоёр номын тухай дурдан ярьжээ. Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашигтоны гэр музей түүний нэрээр нэрлэгдсэн Вашигтон хотод байдаг гэнэ. Тэрхүү гэр музейд ерөнхийлөгч Жорж Вашигтоны төрсөн өдрөөр түүний эхнэр Мартын дурсгасан, англи эмэгтэй бичсэн Чингэс хааны  тухай ном хадгалагдаж байдаг байна.

Нөгөө ном нь Үндсэн хууль зохиогч эрхмүүдийн нэг Бенжамин Франклины европоос захиалан авчруулан тарааж Томас Жефферсонд өгсөн, одоо түүний гэр музей болон түүний Конгрессын номын санд өгсөн франц Петис дэ ла Круа зохиогчтой Чингис хааны тухай бас нэгэн ном өнөө хүртэл хадгалагдаж байдаг гэнэ.

Өөр өөр зохиогчтой эдгээр номууд Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны төрийн хэрэг явуулдаг засаглалын талаар бичсэн байдаг тухай ярьжээ.

Профессор Жак Уюьтэрфордын судалж бичснээр Монгол болон Америк хуулийн заалт ер бусын гайхмаар адилхан гэнэ. Их эзэн Чингис хааны зарлиг хуульд байдаг “Шашнаас болж хэн нэгнийг гутаан доромжлох, эсхүл дайран дарамтлах хэнийг ч бол хуулиар хориглоно” гэж заасан байдаг бол Америкийн Үндсэн хуульд Томас Жефферсоны нэмэлтээр оруулсан хүний эрхий тунхагийн үзэл баримтлалын “Шашны үзэл бодол, итгэл үнэмшлээс болж хэн ч зовж зүдрэх ёсгүй” гэсэн заалтыг оруулсан байдаг тухай бичжээ. Магадгүй, дэлхийн анхны үндсэн хуулийг боловсруулж бичсэн, хууль эрхт ёсыг анх бий болгосон эдгээр эрхмүүд Чингис хааны үеийн Их хуралдайгаас санаа авч олонхийн буюу парламент,  Ерөнхийлөгчийн засаглалын онолыг, Чингис хааны зарлигаас шүүх эрх мэдлийг салгаж шүүх засаглалын хэлбэрийг анх удаа бодож боловсруулсан ч юм билүү.

Хэдийгээр Америкийг үндэслэгч эрхмүүд эдгээр номыг уншсан эсэх, эсвэл санаа сэдэл авч ашиглаж байсан баримт үлдээгүй ч тэдгээр хүмүүсийн хувийн болон конгрессын номын санд ноорч элэгдэн үлдсэн их Чингис хааны тухай хоёрын хоёр ном байгаа нь Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг боловсруулж байхдаа нэгэн цагт дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байсан Чингисийн Монгол төрийн засаглалын нууцын түүхийг чухалчлан судалж байсны тод гэрч, нотолгоо болно гэж бодож байна. Ингэж монголчууд та бидний өвөг дээдсийн төрт ёсны засаглалын гайхамшигт  түүх азия-европ, бүр холын америк тивд хүрсэн түүх байсныг дээрх судалгааны номууд бидэнд мэдүүлж өглөө. Бидэнд судалж мэдэх түүх америк орноор өргөжин тэлж байна даа.

Жорж Вашингтоны дараа Ерөнхийлөгчөөр ажилласан Жон Адамсын хувийн захидалдаа Монголчууд, Чингис хааны тухай дурдан бичсэн гурван чухал захидал Америкийн үндэсний архивт хадгалагдаж байдаг гэнэ.

Захидал-1. 1812 оны 6 сарын 28-ны өдөр  Жон Адамсаас Томас Жефферсон хоёрын Америкийн уугуул иргэдийн шашин, түүхийн талаар “индиануудын итгэл, бишрэл”-ийн тухай бичсэн захидал байна. Энэ захидалдаа Жон Адамс бичжээ. “Би харин өөр нэгэн тогтолцоог бодож байна. Чингисийн долоон зуун мянган цэрэг бүгдээрээ болон хэсэг бусгаараа дайнд мордохдоо их дуугаар ууглан хашигардаг нь хүмүүн төрөлтөн төсөөлж ч чадамгүй, эгээ л тамын орноос чөтгөрүүд алдагдаад уухайлан довтолж байна уу гэмээр, ингэж дайснуудаа хөштөл нь айлгаснаар Монголчууд ялагдаж үзсэнгүй. Индиануудын уухай үүнтэй их адил, тиймээс ази хүмүүс Америкт суурьшжээ. Өөр нэг тогтолцоо. Чингисийн арми, хоёр, гурав, дөрвөн зуугаараа тодорхой нутгийг бүсэлж аваад арслан, бар, баавгай, чоно, ерөөс амьд бүхнийг төв рүү шахдаг. Ингэхдээ тэд аймшигт хашигчаан, гуугаачаан болон бүрээ бөмбөрийн дуугаар араатан амьтдыг айлган номхруулж хангалттай хэмжээний хүнс болгон базааж авна. Тийм учраас жижиг амьтныг яг тэгж барьдаг Шотландын уулынхан болбоос Азиас нүүдэллэн ирэгсэд болно. Тийм учраас яг тийм заншил бүхий индианууд нь Азиас, эсхүл Шотландаас нүүдлэн ирсэн болой” гэж бичжээ.

Үүнээс харахад, ерөнхийлөгч Жон Адамс монголчуудын ан агнуурын болоод дайн тулааны өвөрмөгц аргыг маш сайн мэддэг байснаа захидалдаа бичсэн харагдаж байна.

Захиадал-2. 1813 оны 1 сарын 26-нд бичсэн Жон Адамсаас Томас Жефферсонд бичсэн захидал.

Азийн Бонапарт болох Чингисийн уухай нь индиануудыг Чингисийн цэрэг, эсвэл харьяат нараас гаралтай хэмээх, үгүй гэхэд Чингисийн дайтах урлагийг сурсан үндэстнүүдээс гаралтай гэх үзлийн баталгаа мөн гэж өмнө үзэж байгаагүйг би их гайхдаг юм. Тэр бүх үндэстнийг Чингис тал бүр тийш бутлан хөөж орхисон билээ.

1813 он гэдэг Наполеон Бонапарт европ дахиныг эзлээд байсан цаг үе учраас Жон Адамс Чингис хааныг “Азийн Бонапарт” хэмээсэн нь сонирхолтой юм.

Захидал-3. 1823 оны 1 сарын 12-нд Жон Адамсаас Жорж Ваншингтон Адамст буюу ач хүүдээ бичсэн захиадал.

Энэхүү захидалдаа Жон Адамс ач хүүтэйгээ эцгийнх нь улс төрийн үзэл, улсаа тэлэх бодлогын талаар бичжээ. Манай бүгд найрамдах улс өдгөө Чингис хааных шиг байдалд ирээд байна. Тэрбээр “агуу их хүмүүний хүсэл эрмэлзлийг ханган цатгахад бүхэл бүтэн ерөнц ч багадах буй за” хэмээг бичсэн байдаг.

Энэ гурван захидлаас харахад Америкийн Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч нар шинэ тулгар байгуулагдсан улс гүрнээ Чингис хааны үеийн Монгол Улс мэт төсөөлж байсан нь, мөн Америк тивийн уугуул иргэдийг Монголоос гаралтай хэмээн итгэж байжээ гэх мэтийн дүгнэлтүүдийг хийж болохоор байна.

Америкийн эцгүүд хэмээн нэрлэгдсэн эдгээр Ерөнхийлөгч нарын гэрийн болон конгрессын номын санд байгаа Чингис хааны тухай ном, захидлууд нь Монгол Улсыг төрт ёсны олон зуун жилийн уламжлалтай гэдгийг дэлхий нийтэд батлан харуулж Монгол-Америкийн харилцаа өнө эртний олон зуун жилийн түүхтэй болохыг давхар үзүүлж байгаа тул эрдэмтэн мэргэд, түүхчид шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судалж дэлхийн нийтийн хүртээл болгох зорилт тулгарч байна.

            Доржийн Моондой, Монгол Улсын Үндсэн хууль тогтоогч.

2023.06.30.


URL: