Л.Энх-Амгалан: О.Батнайрамдал улс төрд тодрох гэж худал мэдээлэл тараасан
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: “Иргэн О.Батнайрамдал БЗС-гийн талаар мэдээлэл хийсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны хүрээнд хамгийн түрүүнд ил болгосон сангийн мэдээлэл бол БЗС-гийн мэдээлэл байгаа. Өнөөдрийн байдлаар энэ сангаас 1,2 сая хүүхэд зээл авсан байна. Энэ их том тоо шүү.
Бид 3,4 сая гэвэл гурван хүний нэг нь БЗС-гаас зээл авсан байна. 1997 оноос хойш 3000 хүүхэд гадаадад их дээд сургуульд суралцсан байна. Үлдсэн нь дотоодын их дээд сургуульд суралцаж, нийтдээ 1 сая 997 мянган хүүхэд энэ сангаас зээл авсан байна.
1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 1 их наяд төгрөгийг энэ сангаас зээл олгоход зарцуулсан. Энэ бол нэлээн том хэмжээний мөнгө. Сүүлийн үед иргэдийн дунд гарч ирж байгаа уур бухимдал бол дарга нарын буюу эрх мэдэлтнүүдийн, мэдээлэлд ойр байгаа хүмүүсийн хүүхдүүд л энэ сангаас зээл авсан юм байна гэдэг бол буруу ташаа мэдээлэл. Бүх иргэнд энэ мэдээлэл ил тод байгаа.
Энэ ил тод болсон мэдээллийг улс төрийн зорилгоор, улстөрд тодрох зорилгоор буруу ташаа мэдээлэл хийж байгаад харамсаж байна. О.Батнайрамдалыг иргэний хувьд энэ мэдээллийг хийсэн байх гэж бодож байна. Иргэн О.Батнайрамдал бол МАН-ын Нарийн Бичгийн Дарга гэдэг хариуцлагатай албан тушаал хашиж байгаа.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” үйл ажиллагааг бүдгэрүүлэх, иргэдийн дунд төөрөгдөл гаргах маягаар буруу ташаа мэдээлэл хийсэнд гүнээ харамсаж байна. О.Батнайрамдалын хийсэн мэдээллээр бол нийт зээлийн 99 хувь нь эргэж төлөгдөөгүй, нийт зээлийн 90 хувь нь эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд явсан байна гэж буруу ташаа мэдээлэл хийсэн.
Мөн үе үеийн сайд нар хууль бус зээлийн чөлөөлөлт хийсэн гэж мэдэгдсэн. Энэ буруу мэдээлэлд тайлбар хийе гэж бодлоо. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хууль тогтоолын хүрээнд гэрээний үүргээ гүйцэтгэсэн хүүхдүүдэд чөлөөлөлт хийсэн гэдгийг онцолж хэлье. ” гэв.
URL: