Дуучид ажлаасаа гарч, БНСУ, Японд “хар ажил” хийж байна. Тэдний цалин нэмэгдэх үү?
Соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэх хүсэлтээ илэрхийлж эхлээд байна.
Тухайлбал, Дуурийн театрын дуучид цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлэхээр нэгдэж эхэлжээ. Цалинг нь нэмэхгүй бол төрийн болон наадмын концертод дуулахгүй талаараа ч мэдэгдээд буй. Мөн тэдний зарим нь гадаад улсад ажил эрхэлж байгаа юм.
Тус театрын зарим уран бүтээлч ажил хаялт зарлахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийв.
ДБЭТ-ын дуучин А.Анар-Эрдэнэ ”Миний хувьд 14 дэх жилдээ найрал дуучнаар ажиллаж байна. Уран бүтээлчид маш бага буюу 766,000 төгрөгийн цалинтай. Бидний авдаг цалингаас бага цалинтай үйлдвэр үйлчилгээний ажилчид бий.
Харь оронд очиж, хар ажил хийхийг би мөрөөдөж байна. Дуучид тоглолтод оролцоход мөнгө өгдөггүй. Мэргэжлийн урлагийн бүх ажилтан, албан хаагчдад бүгдээрээ тэмцэж цалингаа нэмүүлье болохгүй бол төрийн, наадмын концертод оролцохгүй байя гэж уриалмаар байна. Соён гэгээрүүлэх ажлаа хийхээ болъё.
Соёлын яамнаас зүгээс бид өнөөдөр юм уу ирэх Даваа гарагт цалин нэмүүлэх санал хүсэлтээ хүргүүлнэ. Биднийг ойлгож, дэмжээч гэж хүсмээр байна” хэмээв.
“Бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн байхад цалин огт нэмэгдсэнгүй”
Мөн тус театрын гоцлол дуучин Э.Мөнхбаатар ”Би театртаа 12 дахь жилдээ ажиллаж байна. Соёл урлагийн салбарын ажилчдын цалин бага байна. Үнийн өсөлттэй ийм нийгэмд үнэхээр бидний цалин хүрэлцэхгүй байна. Миний хувьд гар дээрээ дүрийн болон алба хаасны нэмэгдлийг оруулаад 890,000 төгрөгийн цалин авдаг.
Цалингаа сардаа хоёр хувааж авдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн байхад цалин огт нэмэгдсэнгүй. Ганцхан соёл урлагийн салбар ч биш бусад салбарын ажилчдын цалин ч адил байгаа болов уу? Анх 2011 онд Дуурийн театрт ажилд орж байсан. 250,000 төгрөгийн үндсэн цалин авч байлаа. Хоёр хуваагаад авахаар нэг удаадаа 125,000 төгрөгийн цалин авна. Энэ мөнгөнөөс 13 жилийн хугацаанд 890,000 төгрөг хүртлээ өссөн байна.
Аливаа улс орны хөгжлийг үндэсний урлагаар нь тодорхойлдог. Соёлын сайдад хандаж хэлэхэд, урлагийнхны цалинг амьдралд нь хүрэлцээтэй болгож өгөөч гэж хэлмээр байна” гэдгийг хэллээ.
Харин МУСТА, дуучин П.Баярмагнай ”Зургаан театрт урилгаар ажилласан. 700,000 төгрөгийн цалин авдаг. Энэ цалин үнэхээр амьдралд хүрэлцдэггүй. Монгол туургатан театрт ажиллаж байгаад, өргөдлөө өгөөд гарсан. Миний хувьд олон улсын “Гэгээн Муза” гээд драмын урлагийн шилдгийг шалгаруулах наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хоёр удаа авсан. Би есөн дуурийн гол дүрд тоглосон. Гэтэл би өнөөдөр ажлаасаа гарч байна.
Үзэгчид бид нарт хайртай. Даанч цалин маань бага. Гоё дуулаад гэртээ очиход олигтой хоол байхгүй. Бид нарт хоолны мөнгө гэж 1,000 төгрөг өгдөг” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв.
“Миний хоёр өдрийн цалин Монголын сарын цалинтай тэнцдэг”
Түүнчлэн театрын ажлаа хүлээлгэн өгч, гадаадад ажиллаж буй хэд хэдэн дуучин байгаа юм.
Тухайлбал, МУСТА, дуучин Б.Жавхлантөгс Японд ажиллаж байгаа бол МУСТА, дуучин Б.Энхсайхан БНСУ-ыг зорин ажиллаж байна.
Javkhlantugs Buyandalai фэйсбүүк хуудсаас авав
Энэ талаар МУСТА, ДБЭТ-ын дуучин Б.Энхсайхан ”Миний хувьд 19 жил театртаа ажиллажээ. Энд авч байгаа хоёр өдрийн цалин Монголын сарын цалинтай тэнцэж байна. Хүний хөдөлмөрийг үнэлдэг орон юм. Инээдтэй ч юм шиг гомдмоор юм шиг байна. Монголд юу хийдэг байсан бэ гээд асуухаар нь 76 мал тэжээдэг байсан гэдэг юм” гэжээ.
“Төсөвт тодотгол хийхийг хүлээж байна”
Харин уг асуудлаар Соёлын яамнаас ”Яам байгуулагдсан цагаас соёлын ажилтнуудын цалинг нэмэх нь бидний зорилт байж ирсэн. Соёлын яам байгаагүй 20 гаруй жилийн хугацаанд цалин нэмэх үндэслэл буюу хуулийн заалт байдаггүй байсан. Багш нар гэхэд жишээ нь эрдмийн зэргээрээ, цагдаа нар цолоороо ч гэдэг юм уу цалин нэмэх болзол байдаг. Гэтэл соёлын салбарт ийм зүйл байдаггүй байсан.
Харин Соёлын тухай хуульд соёлын ажилтны нийгмийн баталгаа, цалин хангамжийг нэмэгдүүлэх гэсэн бүлэг оруулсан. Соёлын ажилтнууд ч гэсэн эмч, багш нартай адилхан цалингийн нэмэгдэл авах эрхтэй болсон. Тухайн үнэлэмжийг нь дээшлүүлэх журам гаргасан. Мөн орон нутагт ажиллаж байгаа соёлын ажилтнуудад таван жил тутамд урамшуулал олгохоор хуульчилсан юм.
Хуульд ажилчдын нийгмийн баталгаа, цалингийн талаар заалт оруулсан ч төсөвт суулгах асуудал хүлээгдэж байгаа. Хууль талаасаа боломжтой бүх шийдвэрийг гаргасан. Төсөвт тусгах асуудал л үлдээд байгаа юм. Гэхдээ төсвийг өдөр болгон хэлэлцээд байдаггүй. Тиймээс төсөвт хэзээ тодотгол оруулахыг хүлээж байна. Орон нутагт ажиллаж буй соёлын ажилтанд таван жил тутамд олгох зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ойрын хугацаанд олгохоор ажиллаж байна.
Цалингаас бусад байдлаар яаж ажилчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх вэ гэдэг ажил хийгдэж байгаа. Соёлын салбар орлого олдог байгууллага юм. Өөрөөр хэлбэл бид тасалбар борлуулдаг. Тухайн орлогоо улсын төсөвт төвлөрүүлэхгүйгээр ажилчдынхаа нийгмийн баталгаа, цалинд нь захиран зарцуулах эрхийг нь бүх байгууллагад олгосон.
Үр дүнд суурилсан урамшууллын системээр нэг соёлын ажилтанд очих орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн одоогоор цалингаа нэмүүлэх албан хүсэлт ирээгүй байна гэдгийг яамнаас мэдээллээ.
https://dorgio.mn/p/145101
URL: