БНСУ-д ажиллаж байхдаа нас барсан Монгол иргэний талаар ар гэрээс нь мэдээлэл хийлээ
БНСУ-д ажиллаж байхдаа нас барсан Монгол иргэний талаар ар гэрээс нь өнөөдөр /2023.05.11/ мэдээлэл хийлээ
Талийгчийн дүү Б.Ариунзул: ”Уг хэрэг нь 2021 оны 6-р сад болсон. Хохирогч 6 сарын 29-нд хүний гарт амиа алдсан байж болзошгүй байдалтайгаар гэрээсээ олдсон. Анх 2016 онд хохирогч БНСУ-руу гэрээгээр ажиллахаар явсан. Талийгчийн төрсөн эгч тухайн хэргийн талаар мэдээлэл авахаар 2021 оны 8 сарын 4-нд БНСУ-руу явсан.
Очоод хэргийн талаар холбогдох байгууллагуудад хандахад бүгд мэдээлэл өгөхөөс татгалзсан хариу өгсөн. Мөн тухайн хэргийг өмгөөлүүлэхээр өмгөөлөгч хөлслөх гэсэн боловч БНСУ-ийн өмгөөлөгч нар тус хэргийг өмгөөлөхөөс татгалздаг. Аргаа бараад өөрийн улсын элчин сайдын яамнаас туслалцаа хүсэж улсаас өмгөөлөгч гаргаж өгөхийг хүссэн ч Солонгос улсын хуулийн дагуу боломжгүй гэсэн хариуг өгсөн. Талийгчийг яагаад гаднын нөлөөтэй амь насаа алдсан хэмээн сэжиглэж байгаа вэ гэхээр өмнө нь удаа дараа захирал нь хохирогчид гар хүрдэг байсныг гэр бүлийнхэндээ хэлдэг байсан.
Задлан шинжилгээгээр сэртэнгийн яс хугарсан буюу хүний хэлний доор байрлах тухайн яс нь зөвхөн багалзуурдсан боосон үед л хугарах боломжтой амархан гэмтдэггүй яс гэж монголын шүүх шинжилгээний байгууллагаас хэлсэн. Харин солонгос талаас үүнийг тайлбарлахдаа талийгч нас бараад ялзрах хугацаандаа сэртэнгийн яс нь хугарсан байх хэмээн тайлбарласан. Талийгчийг олоход аль хэдийн 20 хоног болсон байсан бөгөөд цогцосыг ямар ч таних боломжгүй тархи нь устчихсан байсан.
Бид энэ хэргийг мэдээд солонгос тал руу биднийг очтол битгий задлан шинжилгээ хийгээрэй гэж хэлсэн боловч зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийж оршуулсан байсан. Манай талаас талийгчаа таниулахаар хүн явуулсан боловч харуулах боломжгүй гээд нэвтрүүлээгүй мөн тухайн шарил хадгалах газарт хохирогчийн мэдээлэл бүртгэл огт байгаагүй. Манай талаас цогцос танилт огт хийгээгүй байхад цогцос танилт хийж цогцосыг авч явсан гэж хуурамч дүгнэлт гаргасан байсан.
Хохирогчийн талаас тухайн ажиллаж байсан хүлэмжийн үйлдвэрийн захиралтай уулзъя гэхэд удаа дараа захирал нь татгалзсан. БНСУ-ын цагдаагийн газраас тухайн хэргийн хавтас хэрэгт зөвхөн захирал талын гэрчүүдийн мэдүүлэг аваад манай талаас баримт байна гэхээр хүлээн авдаггүй” гэлээ.
URL: