ХӨГЖЛИЙН БАНК: Г.Байгалмаагийн нэр дээр 37 орон сууц шилжүүлэгдсэн байна

10nktcq_Untitled_design_1__x974Өнөөдрийн Хөгжлийн Банкны шүүх хуралдаанаар ”Пирамид Орд” ХХК-ийн холбоотой асуудлаар шүүгдэгчдээс асуулт асууж байна.

Тус компанийн зээлийн асуудалд холбогдоод буй Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаагаас прокурор асуулт асуулаа.

“Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус” 296 айлын орон сууцны хорооллын төслийн хүрээнд 15 тэрбум төгрөгийн зээлийг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж Хөгжлийн Банкнаас зээл авсан байна. Уг зээлийн явцад тус холбооны гишүүн Г.Байгалмаа нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан болон хамаарал бүхий этгээдүүддээ байр завшсан байж болзошгүй асуудал үүсээд байгаа юм.

Прокурор түүнээс “мөнгө угаах” гэх хэрэгтэй нь холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон баримтаар 37 орон сууц таны нэр дээр шилжүүлэгдсэн, төлбөр мөнгө нь тан руу болон таны хамтран амьдрагчдын дансанд орсон гэсэн байна гэдгийг дурдаад энэ талаар тайлбар хүсэв.

Г.Байгалмаа, “Хөгжлийн Банканд би шаардагдах материалыг л бүрдүүлж өгч байсан. Ямар нэгэн байдлаар өөрийн нэр дээр болон өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр байр шилжүүлж авсан юм байхгүй” гэв.

Прокурор хэрэгт байгаа баримтын дагуу 37 орон сууцны урьдчилгаа Г.Байгалмаагийн данс руу орсон мөн түүний эцэг эх МоАХ-ны төлбөрт өгсөн гурван өрөө орон сууцанд орсон зэрэг баримтуудыг дурдаж түүнээс тайлбар хүслээ.

Хариуд нь тэрбээр, “Миний эцэг эх хоёрын амьдарч байгаа байрыг худалдаж авах гээд дансанд мөнгө байршуулсан байгааг нотлох баримтаар тогтоож байгаа. Яагаад МоАХ-ны байр гээд гүтгээд заавал наах гээд байгааг би мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Ямар дансанд ямар мөнгө байршуулсан байна вэ гэдэг нь нотлох баримтаар гарч ирэх байх” гэсэн юм.

Харин прокурор уг тайлбарынх нь хариуд МоАХ-ны төлбөрт авсан байр гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Энэ асуудал нотлох баримт шинжлэн судлахаар тодорхой болоод ирнэ байх гэдгийг хэлж байв.

Прокурор: ТББ-ын албан тушаалтан байж, тус байгууллагынхаа нэрээр гэрээ байгуулаад орж ирсэн хөрөнгийг хувийнхаа дансанд тэр битгий хэл хамтран амьдардаг хүнийхээ дансанд байршуулсан нь ямар учиртай юм бэ?

Г.Байгалмаа: Би итгэмжлэл олгогдсоны дагуу үйл ажиллагаа хийсэн. Ашгийн бус байгууллага ашгийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг энэ хуримтлалыг үүсгэх боломжгүй байсан. Хэрхэн яаж асуудлыг шийдэх нь надад бүрэн эрхээрээ олгогдсон асуудал гэж ойлгож байна.” хэмээлээ.


URL: