Э.Цэндбаатар мэргэжлийн боксын аваргын бүстэй боллоо

3625baa3640ab26fa052f54181a16256Өнөөдөр өглөө АНУ-ын Нью Йорк хотын “Sony Hall” цэнгэлдэхэд мэргэжлийн боксын үдэш болж өнгөрлөө. Энэ үдшийн нэгэн гол тулаан нь сүүлийн үед дэлхийн мэргэжлийн боксыг шуугиулаад байгаа Э.Цэндбаатар Мексикийн Эди Валенсиагийн тулаан байлаа. Шуугиулаад байгаа гэдгийн учир нь манай тамирчин АНУ-ын Жервонта Дэвис, Райан Гарсия гэсэн хоёр супер одын тулаанд шууд хамааралтай оролцсон. Гарсиягийн бэлтгэл хангагч хийж байхдаа нэг ч хожигдолгүй аваргыг гэдсэнд нь хийж, гэмтээсэн билээ. Гэмтэлтэй тоглосон Гарсия ялагдаж, ялагдалдаа Цэндээг буруутгаснаар Цэндээгийн нэр өнөөдрийн тулааны өмнө боксын хэвлэл мэдээллээс буугаагүй. Алдарт Гарсияг гэмтээсэн монгол залуу гэж цоллуулан, өнөөдрийн тулаан олны анхааралд орсон юм. Энэ нь дуулиан шуугиан тарьж байж, том тулаан авдаг мэргэжлийн бокс, ялангуяа Америкийн бокст тун хэрэгтэй зүйл байлаа. Ижил түвшний олон боксчин бий. Тэдний дундаас Чингис хаан нэр, Гарсияг унагаасан залуу гэдгээрээ онцгойроход хэрэг болох нь дамжиггүй. ОХУ-ын мэргэжлийн боксыг орхиж, АНУ-ын дэвжээнд шилжсэн нь ч зөв алхам байлаа

Өнөөдөр Цэндээ, Валенсиа (20-10-6, 7 КО) хоёр WBC, NABF Junior SuperFeatherweight жингийн аваргын бүсний төлөө найман үе тулалдсан. 11 кг жин хассан ч манай тамирчин шүүгчдийн саналаар яллаа. Гурван шүүгч бүгд 80-72, 78-74, 78-74 оноогоор Цэндээд ялалт өгсөн. Манай боксчин мэргэжилд 6 тулаан хийж 6 ялсан, 3 удаа хүнд цохилтоор ялсан гэсэн үзүүлэлттэй болоод байна. Тэрээр тулааны дараа олон нийтийн сүлжээнд “Үргэлж дэмждэг Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Хүчтэй тамирчинтай найман үе тоглож, хожсондоо баяртай байна” гэж бичжээ.


URL: