Ц.Батбаяр: “МИК” “НОСК”-той хамтарч гэр хорооллыг барилгажуулахаар ажиллана
“МИК ОССК” ХХК-ийн Бизнес хариуцсан дэд захирал Ц.Батбаяртай орон сууцны салбарын санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар ярилцсан юм.
-Орон сууцны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чуулга уулзалтад оролцсон. Зорилго нь юу вэ?
-“МИК ОССК” ХХК орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, түүгээр дамжуулж Улаанбаатар гэлтгүй Монгол Улсын хэмжээнд дундаж орлоготой иргэдийн орон сууцны зээлийн бүтээмж, барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бидэнд цаашид ямар боломж бололцоо байгаа талаар ч илүү их судалж байна. Энэ зорилтын хүрээнд Улаанбаатар-олон улсын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чуулга уулзалтад оролцсон.
-Компанийн үйл ажиллагааны чиглэлийг товч тайлбарлавал?
-Манай компанийн хувьд хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь хөнгөлөлттэй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөр буюу олон нийтийн сайн мэдэх найм болон зургаан хувийн зээлийг үнэт цаасжуулах хөтөлбөр юм. Үүнийг бид арилжааны банк болон Монголбанк, үнэт цаасны компанитай хамтарч хэрэгжүүлдэг.
Ингэснээр тухайн иргэнд 30 жилийн хугацаатай зээл авах боломж бүрддэг.
Бидний хоёр дахь үйл ажиллагаа нь олон улсын зах зээлээс хөрөнгө татаж, арилжааны банканд байгаа арилжааны хүүтэй ипотекийн зээлийг худалдаж авдаг юм. Арилжааны банкуудад байгаа зээлийг худалдаж авснаар тухайн банканд санхүүжилт олгож, тухайн санхүүжилтээр дараагийн иргэдэд зэлэ олгох боломж бүрддэг.
Ингэснээр банк санхүүгийн салбарт хөрөнгийн урсгалыг бий болгож, хүртээмжтэй байдлыг үүсгэдэг.
-Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний зээлийг худалдаж авсан бэ?
-Бид олон улсын зах зээлээс хоёр удаагийн хөрөнгө босгосон. Эхнийх нь 2019 онд 300 сая ам.долларын бонд босгосон. Дараагийнх нь 2021 онд 251 сая ам.долларын бондыг босголоо. Ингэснээр өмнө нь дурдсан арилжааны банкуудын үйл ажиллагаанд санхүүжилт олгосон.
Орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй мянган иргэний ипотекийн зээлийг худалдаж авч, үнэт цаасжуулаад, дахин санхүүжилтэд оролцож байгаа.
-Энэ оны эхний байдлаар хэр хэмжээний зээлийг худалдаж авав?
-Бид үнэт цаасжуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 600 гаруй тэрбум төгрөгийн дүнтэй гарсан. Энэ нь 5-6 мянган зээлдэгчийн зээлийг худалдаж авсан гэсэн үг.
-Цаашдаа чиглэн ажиллах төслийн талаар дурдвал?
-Энэ бол бидний байнгын хийж буй үйл ажиллагаа . Дараагийн удаад гэр хороолол, утаа бохирдол руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг босгохоор ажиллаж байгаа.
Өнөөдрийг хүртэл 100 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан хэдий ч 180-190 мянган орон сууц ашиглалтад ороод буй. Гэсэн хэдий ч агаарын хохирдол багассангүй. Гэр хороололд амьдарч буй хүмүүсийн тоо ч буурагүй. Үүнд чиглэж, анхаарч ажиллаж байна.
-Тэгвэл гэр хорооллын хүмүүсийг хэрхэн дэмжиж ажиллана гэсэн үг вэ?
-Одоогоор Засгийн газраас хэрэгжүүлж буй зургаан хувийн зээл байгаа. Үүнд хэн боломжтой хүн нь зээлд хамрагдах нөхцөлтэй. Тэр нь гэр хороолол эсвэл орон сууцанд амьдардаг гэх тусгайлсан заалт, зохицуулалтгүй. Хэрэв цаашдаа гэр хорооллын чиглэл рүү, тэнд оршин суух иргэд рүү тусгайлан анхаарч хөтөлбөрөө тийш чиглүүлснээр бодитой үр дүн гарах болов уу гэх хүлээлттэй байгаа.
Нөгөө талаараа гэр хорооллын иргэдийг орон сууцад оруулахаас илүү тухайн бүс нутгийг барилгажуулах, тухайн иргэн амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл өгөх гэх мэтээр дэмжин ажиллах нь зүйтэй гэж бодож байна.
-“НОСК”-той хамтран ажиллах юм билээ?
-Нийслэлийн орон сууцны корпорацтай өмнө нь хэлсэнчлэн гэр хооролол руу чиглэж ажиллахдаа хамтарна. Гэр хороололд шинэ суурьшлын бүс бий болгоход анхаарч ажиллаж байгаа. Үүнд бид санхүүжилтийн ямар схем хийж болох өөрийн туршлагаас хуваалцахаас гадна хөрөнгө оруулалтад нь тусалж ажиллах болно.
-Зургаа болон найман хувийн хүүгийн санхүүжилтийг арилжааны банкуудад Монголбанкнаас олгодог байсан. “Ковид”-ын хуулийн хугацаа дууссан тул одоо хэрхэх бол гэх хүлээлт иргэдийн дунд байна л даа?
-Хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөр үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Одоогоор Монголбанканд уг хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Энэ жилийн нэгдүгээр хагаст Засгийн газар руу шилжих төлөвтэй байна. Бидэнд ирсэн мэдээллээр уг хөтөлбөр цаашид үргэлжилнэ.
Бидний үндсэн үйл ажиллагаа болох бизнесийн чиглэл буюу олон улсын зах зээлээс хөрөнгө татах үйл ажиллагаа маань ч хэвээр үргэлжлэх юм.
-Санхүүжилт нь тогтворгүй байгаа тул зээл гаргалт багасаад байгаа юм биш үү?
-Хүртээмж хязгаарлагдмал гэхээс илүүтэй тодорхой хэмжээгээр эрэлт их байна. Цар тахлын үед хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зогсоосон. Гэсэн хэдий ч манай байгууллагын хувьд нөөц сангаас ипотекийн зээлийн төлбөрийг бонд эзэмшигчдэд төлсөн юм.
Энэ хөтөлбөр нь өнөөдөр зээл авсан иргэний эргэн төлөлтөөр дараагийн зээл авах иргэн санхүүжиж явдаг тул дээрх байдал ингэж илэрч, харагдсан байхыг үгүйсгэхгүй.
-Гурван хувийн зээлийг танай байгууллага үнэт цаасжуулах байлгүй?
-Тийм ээ. Бид гурван хувийн зээл дээр ч ажиллаж байгаа. Дараа нь үнэт цаасжуулах ажил манайд ирнэ.
-Одоогоор ирээгүй байх нээ?
-Зээлийн батлан даалтын сангийнхан эхний байдлаар зээлээ олгож эхэлсэн. Энэ оны сүүлээр зээлүүдийг багцалж оруулж ирэх болов уу гэх хүлээлттэй байна.
-Дэлхий дахинаа эдийн засаг агшиж байгаа тул моргежийн зээл буюу ипотекийн зээл гаргалт буурч байгаа дүр зураглалтай байх шиг. Манай улсад яахаар байна?
-Засгийн газрын бодлого үүнд чиглэсэн бодлогыг гаргах байх. Ерөнхийдөө бол манай улсын зах зээлийн хувьд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн тоо их байгаа. Эрэлтийг хангах чиглэлээр Засгийн газар бодлогоо боловсруулж ажиллах байх. Эдийн засгийн хувьд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл гэдэг бол маш бага хүүтэй зээл юм.
Өнөөдөр инфляцын түвшин 12 хувьтай, гэтэл зээл нь зургаан хувьтай байна гэдэг бол хангалттай тусламж үзүүлж буй хэлбэр гэж харж байгаа.
Олон улсын зах зээл дээр бол АНУ-ын Төв банкны бодлогын хүү нэмэгдсэний улмаас ипотеийн зээлийн хүү савлаж байгаа. АНУ-ын хувьд 6-7 хувьд хүрсэн байх жишээтэй. Гэхдээ аль ч улс орон уг хөтөлбөрөө зогсоохгүй байх.
-Ярилцанд баярлалаа.
URL: