“Монгол Улсын инфляц 2023 оны турш өндөр хэвээр байна” гэж Дэлхийн банк мэдээллээ

world-bank-delhiin-bankТөгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах, дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр Монгол Улсын инфляц энэ онд ч мөн адил Монголбанкны зорилтот түвшин болох зургаан хувиас өндөр хэвээр байна гэж Азийн хөгжлийн банк тооцоолжээ.

Олон улсын байгууллагуудын төсөөллөөс харвал Азийн хөгжлийн банк болон Олон Улсын Валютын Сан “2023 онд үнийн өсөлт саарах ч жилийн дундаж инфляц хоёр оронтой тоонд хадгалагдсан хэвээр байна” гэж таамаглал дэвшүүлж байгаа юм.

Мөн “Дэлхийн банк 2023 оны туршид инфляц өндөр хэвээр буюу дунджаар 9.5 хувь байна” гэж мэдээллээ.

Энэ онд БНХАУ хилээ нээснээр бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буураад байна. Өнгөрсөн /2022/ оны хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оноос хоёр дахин өсөж, 15.2 хувь хүрснийг Азийн хөгжлийн банкны тайлан харуулж байгаа юм.

Дотоодын шинжээчдийн макро эдийн засгийн талаарх төсөөлөлд инфляц энэ оны эхний улиралд бага зэрэг эрчимжиж 12.5 хувь, харин оны эцэст 11.4 хувь болж буурах төлөвтэй байгааг Монголбанк мэдээлэв. Харин Монголбанкны инфляцын гуравдугаар /2023.03/ сарын тайлангаас харвал хэрэглээний үнэ энэ онд зорилтот түвшинд хүрч бууран, 2024 онд зорилтот түвшний интервалд тогтворжих төсөөлөлтэй байна.

 


URL: