НҮБ-ын тэргүүн “Талибан”-ы хоригийг зэмлэн буруушаажээ
НЬЮ-ЙОРК. /BBC/. Афганистан эмэгтэйчүүдийг НҮБ-д ажиллахыг хориглох “Талибан” хөдөлгөөний хоригийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эрс зэмлэн буруушаажээ.
А.Гутерриш уг явдлыг хүний эрхийг хамгаалах олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн тодорхойлоод, Афганистаны эрх баригчдаас шийдвэрээ нэн даруй хүчингүй болгохыг шаардсан байна.
Афганистанд эмэгтэй ажилтнууд НҮБ-ын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэрбээр мөн онцолжээ. Талибууд 2021 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарлах нь улам бүр нэмэгдсээр ирсэн юм.
“Талибан”-ы Засгийн газар яагаад ийм шийдвэр гаргасан талаараа одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. НҮБ-ын гадаад эмэгтэй ажилтнуудад уг шийдвэр хамаарахгүй байна.
Эдийн засаг, хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байгаа Афганистаны 23 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ онцгой анхааран ажилласаар ирсэн. Эмэгтэй ажилтнуудын хувьд энэхүү тусламжийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэлдээ, “Эмэгтэй ажилтнууд НҮБ-ын үйл ажиллагаанд, ялангуяа тусламжийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэ шийдвэр нь Афганистаны ард түмэнд, тусламж шаардлагатай олон сая хүнд сөргөөр нөлөөлнө” гэдгийг цохон тэмдэглэжээ. Улмаар талибуудад хандан “охид, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан бүх арга хэмжээгээ цуцлахыг” уриалсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: