Н.Удаанжаргалыг “Бадамжунайдах”-аас МАН-ынхан айна

1680674039642d0cf7eec63Т.Бадамжунай гэх “Мангас”-ыг Х.Нямбаатар гэдэг “Супер мэн” Филиппин улсаас Монголд авчирсан гэх шоу хэвлэл, сошиалаар үргэлжилж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онгоцны буудал дээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө гадаадад хуралд оролцох далимдаа Т.Бадамжунайг барьж авчирсан гэх утгатай зүйлийг ярьсан. Түүгээр ч зогсохгүй Т.Бадамжунайн дараа хэнийг авчрахаар тооцоолчихсон байгаагаа битүү утгаар хэлчихлээ. Тэр хүн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үү, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал уу… УИХ-ын 2024 оны сонгууль болоход ганцхан жил үлдчихээд байхад эрх баригчид гэмт хэрэг үйлдээд гадаад руу зугтсан гэж зарласан 92 хүнээс хамаг том “акулууд”-ыг барьж ирж, Хятадын “Үнэгний ав” маягийн шоу үзүүлбэр үзүүлэх нь ойлгомжтой. Тэгэхээр Т.Бадамжунайн дараа баригдаж ирэх дараагийн “акул” нь Ч.Сайханбилэг л болов уу. Учир нь “Дубайн гэрээний асуудлыг Английн Ерөнхий сайдын гал тогоонд шийдчихсэн” гэж гоочлуулдаг түүнд АТГ хэд хэдэн хэрэг үүсгэн шалгаж байсан. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авах ажиллагаанд гар бие оролцсон, энэ тухай УИХ-аар хэлэлцүүлээгүй. Оюутолгой компанийг хууль зөрчин татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээ зэрэг асуудлаар хууль хяналтын байгууллагын хаалгыг татаж, хоёр сар саатуулагдсан тэрбээр мөн л хилийн чинадыг зориод удаж байна. Фэйсбүүк хуудсаараа хэд хэдэн удаа лаив хийж Монголд ирэхээ мэдэгдсэн Ч.Сайханбилэгийг байршлаа солин зугтсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Харин энэ удаад тэрбээр гарах гарцгүй болж байгаа бололтой. Сайд Х.Нямбаатарын хэлснээр, гадаад руу зугтсан этгээдүүдийн гадаад пасспортыг хүчингүй болгож, банкин дахь дансыг царцааж, Монгол дахь үл хөдлөх хөрөнгийг “хөдлөхгүй” болгох ажиллагаа хэдийнэ эхэлсэн. Тэгэхээр Ч.Сайханбилэгийг Монголд авчрах эсэх нь цаг хугацааны асуудал боллоо. Үнэндээ тэр МАН-ынханд гарзгүй… Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан Н.Удаанжаргалын хувьд МАН-ынхны айдас. Шуудхан хэлэхэд, Н.Удаанжаргалыг “Бадамжунайдна” гэдэг эрх баригч хүчнийхэнд гарзтай. Төмөр зам, нүүрс, нүүрс дагасан хулгай, авлигын хэргийн сүлжээний гол схемийн нэг оролцогч нь Н.Удаанжаргал байсан гэхэд хилсдэхгүй. Н.Удаанжаргалыг сайн ухвал МАН-ын угшил бүхий томоохон албан тушаалтнууд гарч ирэх нь ч тодорхой. Юун Т.Аюурсайхан! Чухам иймээс МАН-ынхан Н.Удаанжаргалаар их болгоомжтой оролдох болов уу. Зарим эх сурвалж Н.Удаанжаргалыг мөнгөө хаана хаана байршуулж, “зүс”-ийг нь яаж хувиргасныг хууль хяналтынхан эрэн хайж байгаа гэдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ болгоныг илрүүлчихсэ нь тодорхой… Нөгөө баахан хаус төсөл яалаа! Гэлээ гээд эрх баригчид Н.Удаанжаргал гэх “гал”-аар хамаагүй наадаж чадахгүй. Монголд авчирч хамсаатнуудыг нь нэрлүүллээ гэхэд МАН-ынхан л АТГ-ын үүдэнд жагсацгаахвий. Ц.Анандбазар, Ш.Раднаасэд гэх мэт нүүрсчин тав шигээ…!

                                                                                                                    Л.Мөнхдэлгэр

http://www.analiz.mn/postview/57118


URL: