“Нүүрснийхэн”-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв
Монголын улс төр сүүлийн хэд хоног нэлээд халав. Прокурорын байгууллага нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүнийг түдгэлзүүлэн шалгах саналаа парламентад ирүүлсэн. Ингэснээр уржигдар Халдашгүй байдлын дэд хороо, намын бүлэг, байнгын хороод хуралдаж, өчигдөр нэгдсэн чуулганаар асуудлыг хаалттай хэлэлцэн шийдвэрээ гаргалаа. Санал хураалтад 65 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг гишүүдийн олонх нь түдгэлзүүлж шалгах нь зүйтэй гэж үзэв. Харин Н.Наранбаатар гишүүнийг авч үлдлээ.
Санал хураалтыг задалж үзвэл, хуралдаанд оролцсон 65 гишүүний 72 хувь нь буюу 46 гишүүн Т.Аюурсайханыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 53 хувь нь буюу 33 гишүүн Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх санал өгсөн байна. Өөрөөр хэлбэл, ганцхан гишүүний саналаар тэр энэ удаагийн парламентыг орхихоор болов. Ингэснээр парламент 73 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Харин Н.Наранбаатарыг авч үлдэх саналыг 35 гишүүн өгчээ.
Гурван гишүүнийг түдгэлзүүлэхтэй холбоотой улс төр Төрийн ордны дотор, гадна ч нэлээд өрнөсөн. Хамгийн их “ажилласан” хүн гэвэл яах аргагүй Д.Бат-Эрдэнэ байв. Түүнийг намынх нь зарим нөхөд тултал хамгаалж байсан бол зарим нэг нь “хайр найргүй” гөвж байсан гэхэд болно. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр санал хураалт эхлэхийн өмнө мэдээлэл хийсэн. Тэрбээр “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх боломж байхад сөрөг хүчнийхээ гишүүнийг “сугалах” гэж байгаад харамсч байна. Ардчиллын индексээр 10 гаруй байраар ухарчихсан байхад сөрөг хүчнээ хэлмэгдүүлэх үйл явц явагдсанаар энэ байр улам ухрах үзүүлэлт болно. Мөн бизнес эрхэлж, хувьцаа эзэмшсэнийх нь төлөө нүүрсний хулгайд холбож, хэлмэгдүүлж байна” гэлээ. Харин нөгөө талаас буюу С.Эрдэнийн АН-аас мэдэгдэл гаргаж, сүр үзүүлэв. Тус мэдэгдэлд “АН-ын даргын зөвлөл хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан. Эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гээд аливаа хууль бус үйлдэлтэй АН огтхон ч эвлэрэхгүй бөгөөд хамгаалахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэд цаагуураа Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн мессежийг санал хураалт болохын өмнөхөн илэрхийлсэн юм. Түүнчлэн өчигдөр Төрийн ордонд АН-ын угшилтай хуучин гишүүд ч нэлээд харагдсан бөгөөд “хүч нэмэгдүүлэн” үзээд ч энэ удаа Д.Бат-Эрдэнэ гишүүн бүрэн эрхтэйгээ үлдэж чадсангүй.
Түүнийг прокурорын байгууллагаас мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг дөрвөн зүйлчлэлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэх мэдээллийг прокурорын байгууллагаас өгсөн байдаг.
Харин Т.Аюурсайхан гишүүний хувьд санасныг бодвол асуудалд нэлээд нам жим хандав. Өмнө нь сайдын албан тушаалаас чөлөөлөгдөхдөө чуулганы танхимд “Би нүүрсний хэрэгт холбогдоогүй. Намайг зохиомол хэрэгт гүтгэж байна” гэж мэдэгдсэнээс өөрөөр тэр ил хариу, акц үзүүлээгүй. Сэтгүүлчдээс зугтаж явахдаа мөн “Гарсан шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн мөн нь тогтоогдох байх” гэсэн хоёр өгүүлбэр л хэлнэ лээ. Нүүрсний хэрэгт холбогдсоноор тэрбээр Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга, ХНХ-ын сайдын албан тушаалаасаа огцорсон. Улмаар өчигдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзчихлээ. Удахгүй намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудал ч яригдах бололтой юм билээ. Тэгэхээр Т.Аюурсайханы хувьд энэ удаагийн асуудал нэлээд хүндхэн байгаа нь ойлгомжтой. Түүнийг прокурорын байгууллагаас үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр шалгахаар болсон. Тус хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татжээ. Нийт 119 хүнийг гэрчээр дуудаад байгаа юм.
Н.Наранбаатар гишүүний хувьд ямартай ч бүрэн эрхтэйгээ үлдэв. Тэрбээр өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нөгөө хоёроосоо хамгийн ил тод нь байв. Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхлэхтэй зэрэгцэн өөрийн нөхцөл байдлыг тайлбарлаж байсан. Өчигдөр санал хураалт эхлэхийн өмнө нь ч “Би хэрэг хийгээгүй. Надад битүүмжлээд байх 16 объект байхгүй. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хотын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ. Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн” гэлээ. Энэ мэтчилэн тэрбээр асуудлаа ярьж нэлээд гүйсний үр дүнд үлдэж чадлаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжиж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Нийт 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудсан гэдгийг прокуророос мэдэгдсэн.
Парламент хоёр гишүүнээ түдгэлзүүлснээр 73 гишүүнтэй бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд Чингэлтэй дүүргээс сонгогдсон бол Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн тойргоос парламентад сонгогдсон ажиллаж байсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: