Өмнөговийн 71 мянган иргэн төрд төлөөлөлгүй болох уу

image-475f1b44-6809-4ed8-a98e-ca6977353c10

Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад ирүүлсэн. Үүний хоёр нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар байгаа.

Өмнөговь аймаг УИХ-ын хоёр мандаттай бөгөөд 2020 оны Их хурлын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Н.Наранбаатар, АН-аас нэр дэвшсэн Д.Бат-Эрдэнэ нар олонхийн санал авч, Их хурлын гишүүнээр сонгогдож байсан юм.

Н.Наранбаатар гишүүнээр сонгогдохоосоо өмнө Өмнөговь аймгийн Засаг даргаар 4 жил ажилласан. Тэрээр сургууль төгсөж ирээд, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнээс нь эхлээд Засаг дарга болтлоо дэвшин ажилласан гэдэг. Тэгвэл Н.Наранбаатар гишүүнийг Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеийн буюу 2016-2020 оны хоорондох ажлыг нь нүүрсний хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх. Тодруулбал, тэрээр Өмнөговь аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосонтой холбоотой гэнэ. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой хэргийг нарийвчлан шалгах явцад Н.Наранбаатартай холбоотой, Засаг дарга байхдаа хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал үүсгэж нүүрс тээвэрлүүлсэн гэх нотлох баримтууд гарч ирсэн учраас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн гэдэг.

Д.Бат-Эрдэнэ гишүүний тухайд тэрээр хэзээнээсээ л нүүрсний асуудалтай нэр холбогдож байсан. Нэг үгээр, Д.Бат-Эрдэнэ нүүрс, уул уурхайн салбарт бизнес хийдэг, орос түншээ хүртэл “мурьсан” гэх мэт түүний талаар таагүй мэдээ олон.

Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд хилийг хориг тогтоож, тодорхой тооны хүмүүстэй уулзахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн гэсэн үг. Түүнийг 2012-2016 онд парламентын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, Гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс”  зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Ямартаа ч дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг маргааш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэнэ. Тус дэд хороо хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй УИХ-ын ганц бүтэц. Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргасны дараа холбогдох байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрээ гаргах учиртай. Хэрвээ Их хурал прокурорын саналыг хүлээн авч, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл Өмнөговь аймгийн 71 мянган иргэн төрд төлөөлөлгүй болно гэсэн үг. Орон гарсан Их хурлын гишүүний оронд нөхөн сонгууль явуулах хуультай ч ээлжит сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдсэн учраас нөхөн сонгууль явуулах нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал болоод байгаа.

https://itoim.mn/a/2023/03/28/politic/dbl


URL: