Цагийн зүү урагшлах уу, ухрах уу
Зуны цагийн хуваарьт шилжих эсэх тогтоолын төсөл нийгмийн олонхын дунд маргаан дагуулж, талцал үүсгээд буй. Учир нь цаг урагшлуулах буюу хөдөлгөх нь дан ганц эрчим хүчний хэмнэлт, эрүүл мэндийн асуудалтай холбоотой зүйл биш юм. Эдийн засаг, ажлын бүтээмж, замын хөдөлгөөн зохицуулалт, боловсролын үйл ажиллагаа гээд уг өөрчлөлтийг хийснээр нэлээн олон асуудал дагаж хөндөгдөх нь дамжиггүй. Угтаа манай улс 2017 оноос эхлэн зуны хуваарьт шилжих нь иргэдийн эрүүл мэндэд халтай гэж үзээд хэрэгжүүлэхээ больсон ч энэ жилээс дахин цагийн зүүг хөдөлгөхөөр шийдсэн бололтой. Ямартай ч маргаан дагуулсан тогтоолын төслийг хэлэлцэх хугацаа ирэх долоо хоногийг хүртэл хойшиллоо. Хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдэлдэг улс оронд иргэд олон нийтийн саналыг харгалзан хуваарьт өөрчлөлт оруулах эсэхээ шийддэг. Харин манайд хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эхний байдлаар энэхүү саналыг эрчим хүчний салбарынхан нааштайгаар хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Эрчим хүч, геологи, уул уурхайн яамнаас 1999 онд танилцуулсан тайланд зуны цагийн хуваарьт шилжиж, байгалийн гэрэлтэй цагийг ашигласнаар жилд ойролцоогоор 24.5 сая кВт эрчим хүч хэмнэдэг гэж мэдээлж байв. Манай улсын тухайд урд болон хойд хөршөөсөө өндөр үнээр эрчим хүч импортолдог. Тухайлбал 2020 онд ОХУ болон БНХАУ-аас нийт 1.7 тэрбум квт цахилгаан эрчим хүч импортолсны 80 орчим хувийг БНХАУ-аас нийлүүлжээ. Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 5-6 хувиар өсдөг байсан бол 2021 онд гэхэд л 13 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Ер нь эрчим хүчний хэрэглээ дотоодын гэлтгүй дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болж байна. Тэр ч утгаараа эрчим хүчийг хэмнэх асуудалд дэлхийн ихэнх улс орон бодлого, зохицуулалт хийж буй. Эрчим хүчний хэмнэлт нь дан ганц улс орны эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй хүлэмжийн хийг бууруулах, байгалийн хязгаарлагдмал нөөц баялгийг хэмнэх зэрэгт эерэг нөлөөлөл үзүүлдэг. Энэ ч утгаараа тус салбар яам уг саналыг дэмжих нь ойлгомжтой. Харин нөгөө талаас зуны цагийн хуваарьт шилжихийг Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлж буй. Эрүүл мэнд талаасаа цаг урагшлуулах нь нойргүйдэл болон архаг хууч өвчинтэй хүмүүс, өндөр настан, бага насны хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал унтах болон сэрэх цагийг нэг цагаар урагшлуулах нь ядарч, сульдахад хүргэдэг байна. Цаашлаад нойрны зөрүүгээс шалтгаалж, хүний анхаарал төвлөрөлт болон самбаачлах хурд багассанаар зам тээврийн ослын тохиолдол ч мөн нэмэгддэг гэлээ. Түүнчлэн стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл ч нэмэгдэх хандлагатай байдаг.
СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч Д.Одончимэг
Нойр солигдсоноос ажлын бүтээмж муудаж, анхаарал төвлөрөхгүй байх, сэтгэл хөдлөлд хүртэл нөлөөлж, уурлаж, бухимдах шинж тэмдэг илэрдэг. Мөн ажлын ачаалал ч даахаа больдог.
Энэхүү өөрчлөлт бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул тэр ч утгаараа Боловсролын сайд энэ өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
Хүүхдүүд сэрдэг цагаасаа эрт сэрэх нь тухайн хүүхдийн бие организм болоод сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэх дүгнэлт өмнө нь гарч байсан. Тиймээс судалгааны дүгнэлтэд үндэслэж саналаа хэлнэ. Боловсролын сайдын хувьд үүнийг зөв шийдвэр гэж үзэхгүй байна.
Дан ганц манай улсад гэлтгүй олон улсад ч ялгаагүй цагийн хуваарийг өөрчлөх эсэх асуудал маргаан дагуулдаг. Хүний эрхийг дээдэлдэг Европын улс орнуудад иргэдээс санал авч энэ асуудлыг шийддэг байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд нийт 143 улс уг өөрчлөлтийг хэрэгжүүлж байсан төдийгүй одоогийн байдлаар 70 орчим улс хэсэгчилсэн болон бүрэн байдлаар цагийн тоололд шилжиж, цагаа урагшлуулдаг. Дэлхийн хөгжингүй орнуудад тухайлбал Их Британи, Шинэ Зеланд, Канад, АНУ-ын зарим мужуудад дээрх шийдвэрийг хэрэгжүүлдэг бол аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнуудад /Энэтхэг, БНХАУ, Япон/ цагийн хуваариа өөрчилдөггүй байна. Зуны хуваарьт шилждэг ихэнх улс орнуудын тухайд гуравдугаар сарын сүүлч болон дөрөвдүгээр сарын эхээр цагийн хуваарийн өөрчлөлтөө хийдэг. Харин намар буюу арав, арваннэгдүгээр сард эргээд хэвийн цагийн хуваарьтаа шилждэг байна.
http://eagle.mn/r/112571
URL: